3,4-р хорооллын эцэст цагдаагийн шинэ хэсэг нээгдлээ

3,4-р хорооллын эцэст цагдаагийн шинэ хэсэг нээгдлээ

Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт Цагдаагийн газрын 2-р хэлтсийн харьяа, 24 цагаар үйл ажиллагаа явуулах шинэ хэсгийг өнөөдөр нээлээ.

Энэ талаар Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Шинээр нээгдэж буй цагдаагийн хэсэг нь 3,4-р хорооллын эцэст байрлаж байгаа. Энэ хэсэг нь хүн амын нягтаршил ихтэй, оройн цагаар ажилладаг худалдаа, үйлчилгээний гол гудамжинд байрлаж байгаа тул гэмт хэрэг, зөрчил гарсан тохиолдолд хурдан шуурхай арга хэмжээ авах давуу талтай” гэв. 

Цагдаагийн газрын 2-р хэлтэс нь нийт 17 хороог хамардаг бөгөөд шинэ хэсэг нээгдсэнээр иргэдэд ойр, шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж байна. Цаашид Бичил хороолол, Төмөр зам, 10-р хороолол зэрэг бүсүүдэд цагдаагийн хэсгийг шат дараатайгаар нээж, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг бүсчилсэн хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

М.Дэлэг