“Сэлэнгийн ард түмнийг хятад цустай” гэж ярих Л.Гантөмөр "МАН-ын гишүүдийн 50 хувийн саналыг авч, Ерөнхийлөгч болно" гээд яваа нэгэн

“Сэлэнгийн ард түмнийг хятад цустай” гэж ярих Л.Гантөмөр "МАН-ын гишүүдийн 50 хувийн саналыг авч, Ерөнхийлөгч болно" гээд яваа нэгэн

АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нэгэн сайтад ярилцлага өгч, хунчир тариалдаг тухайгаа ярихдаа, “газар дээр юм тарина гэдэг нь монгол хүнд 10-20 жил, хятад цустай хүмүүс бол их хурдан юм ургуулдаг” хэмээгээд “Сэлэнгэ аймаг хавиас өвөг дээдсээсээ авсан эрдэм гэж байна шүү дээ” хэмээн тус аймгийн иргэдийг хятад цустай хэмээн нийтэд гүтгэлээ.

-ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ Л.ГАНТӨМӨРИЙГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС НЬ ЭРГҮҮЛЭН ТАТАХ УУ-

Ургамлын ургалт нь хөрс, уур амьсгал, усалгаа, технологи, хөдөлмөрийн зохион байгуулалт зэргээс хамаардаг болохоос тарьж буй хүний угсаа гарвальтай ямар ч холбоогүй. Гэтэл нийгмийг нэгтгэх үүрэгтэй АН-ын төлөөлж парламентад орсон УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Үндэсний эв нэгдэлд хагарал үүсгэх хэмжээний зүйлийг нэг аймгийн нийт иргэдийг цохож хэлээд, эрүүгээ унжуулж, инээдээ барьж ядан сууж байгаа нь даанч харамсалтай.

ВИДЕО: 

Нөгөөтэй хятадууд “төрөлхийн чадвартай” монголчууд “төрөлхийн дорд” мэт ойлголтыг ярьж, Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл гаргалаа. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд 14.1-д “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заажээ. Иймээс зарим иргэд Л.Гантөмөрийг Үндсэн хуулийн цэцэд өгч, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татуулах асуудлыг хөндөнө хэмээн мэдэгдээд байна. 

Нөгөөтэй нийтийн албан тушаал хашиж буй этгээд нийгмийг нэгтгэх, ялгаварлалтаас ангид хэллэг хэрэглэх ёс зүйн үүрэгтэй баймаар. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хууль нь төрийн эрх мэдэл хуульд захирагдах, Үндсэн хууль дээдлэх зарчмыг тогтоодог. Иймээс УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол түүний бүрэн эрхийг үргэлжлүүлэх эрх зүйн үндэс бүрдэх юм.

-Х.БАТТУЛГА, З.ЭНХБОЛД НАРЫН ДЭМЖЛЭГИЙГ АВЧ, “ЗӨРҮҮ ДЭЭР” НЬ Л.ГАНТӨМӨР АН-ЫН ДАРГА БОЛЖЭЭ-

УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг “Фортуна” хочит Н.Батбаяр, Р.Амаржаргал нарын МҮДН фракцаар дамжиж, Ардчилсан намд дотор “хоолонд хүрсэн” гэдэг. Ингээд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр 2012-2016 оны хугацаанд Боловсролын сайдаар томилогдож байжээ. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж, парламентын гишүүнээр гурван удаа сонгогдож явсан нэгэн. Харин тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялагдсан бол 2020 оны УИХ-ын сонгуульд Л.Гантөмөрийг АН-аас нэр дэвшүүлээгүй байдаг. Тодруулбал, Л.Гантөмөрт АН-аас нэр дэвших мандатыг тухайн үеийн АН-ын дарга С.Эрдэнэ өгөөгүй, түүнийг Ардчилсан намаас нэр дэвшихийг зөвшөөрөөгүй гэдэг. 

2017 онд АН-ын даргыг нийт гишүүдийн дунд санал хурааж тодруулахад, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ нарын таван хүн нэр дэвшээд С.Эрдэнэ ялалт байгуулж, АН-ын даргаар сонгогдсон байдаг. Харин 2020 оны сонгуулийн дараа АН-ын тамгыг С.Эрдэнэ, гэрчилгээг нь Х.Баттулга авч, тус нам хоёр тал болон хуваагдахад Л.Гантөмөр “нам жим сууж” байсан байдаг.

Харин 2023 оны нэгдүгээр сард АН эвийг олж, хууль ёсны намын даргаа тодруулах үеэр Л.Гантөмөр гэнэт л гарч ирээд, Үндэсний бодлогын хорооны гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж, “ахыгаа намын даргад дэмжчих, дарга болоод би чамайг дэмжинэ” хэмээн гуйж, гувшиж эхэлсэн байдаг.

Ингээд 2023 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр АН-ын даргыг тодруулах Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийн санал хураалт болоход Х.Баттулга, З.Энхболд нар “Л.Гантөмөр л үгэнд орно” гэснээр тэдний 30 орчим хүн Л.Гантөмөрийг АН-ын даргад дэмжиж, саналаа өгснөөр тэрээр 152 хүний саналыг авч, АН-ын даргаар сонгогдсон байдаг. Харин түүнтэй өрсөлдсөн С.Баярцогт 129 гишүүний саналыг авч ялагдсан байдаг. Товчхондоо, Х.Баттулга, З.Энхболд нарын АН-ын ҮБХ-нд оруулсан хүмүүсийн дэмжлэгтэйгээр, тэдний зөрүүгээр АН-ын даргаар Л.Гантөмөр сонгогдож, АН-ын дарга болох хэтийн мөрөөдөл нь биелсэн байдаг.

-ЖАГСААЛТААР УИХ-ЫН ГИШҮҮН, САЙД БОЛСОН ШИМЭГЧ, ПАРАЗИТ-

Харин “ахыгаа намын даргад дэмжээд өгөөч” гэж гуйж, гувшиж явсан Л.Гантөмөр АН-ын жагсаалтын нэгдүгээрт өөрийнхөө нэрийг бичээд, парламентын гишүүн болсон. Харин 2024 оны УИХ-ын сонгуульд АН ялагдсан. Гэтэл Л.Гантөмөр хамтарсан Засгийн газраас Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын албан тушаал авч, төрөл арилжиж, намын гишүүдээ ч танихаа больсон гэдэг. Жилийн өмнө л гудамжинд лааз өшиглөж, намын дарга болох мөрөөдөлтэй явсан Л.Гантөмөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн болсон товчхон түүхтэй, паразит. 

Харин 2024 оны сонгуульд АН-ыг ялагдуулж, Л.Гантөмөр өөрөө сайд болох төлөвлөгөөг тэрээр аль эрт МАН-тай зурсан байж магадгүй байгаа. Учир нь “Л.Гантөмөр, Э.Одбаяр тэргүүтэй АН-ын удирдлагууд 2024 оны сонгуульд МАН-тай ойлголцчихсон, ялах хүсэлгүй байсан юм билээ” гэж С.Баярцогт мэдэгдсэн.

Тэгвэл “Сэлэнгийн ард түмнийг хятад цустай, ногоо сайн тарьдаг” хэмээн яриад сууж байгаа УИХ-ын гишүүн, АН-ын дарга асан Л.Гантөмөр 2027 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ажилдаа нам дотроо ороод байгаа ажээ. Тэрээр намынхаа зарим гишүүдэд, “МАН-ын гишүүдийн 50 хувь нь намайг Ерөнхийлөгчид дэмжинэ” гэж яриад яваа сурагтай. Үнэн бол түүний ард Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар Л.Гантөмөрийг Ерөнхийлөгч болгоод, өөрсдөө албан тушаал, эрх мэдэлдээ буцаж ирэх гээд байгаа ч юм билүү хэн мэдлээ.