Ө.Шижир: Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, сэтгүүлчдийг цагдаагаар шалгуулахгүй гэж амлаж чадах уу /ВИДЕО/

Ө.Шижир: Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, сэтгүүлчдийг цагдаагаар шалгуулахгүй гэж амлаж чадах уу /ВИДЕО/

Өнөөдөр /2025.06.12/ Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг 84.2 хувийн саналаар дэмжсэн. Мөн УИХ-ын чуулганаар дээрх асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна.

ВИДЕО:

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир: Улстөр, хувийн байгууллага, төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүн Ерөнхий сайдад томилогдох гэж байна. Сүүлийн 10 жил дараалж МАН засагласан. 2019 онд таныг УИХ-ын даргаар томилогдож байх үед Монгол Улсын 2020 оны төсөв 11.5 их наяд төгрөг байсан. Өнөөдөр зургаан жилийн дараа 33.4 их наяд буюу дөрөв дахин өсөөд байна. Төсөв гурав дахин өссөн ч иргэдийн орлого гурав дахин өсөөгүй байна. Төсөв тэлэхийн хэрээр урсгал зардал нь өсөөд байдаг. Хойд хормойгоороо  урд хормойгоо нөхдөг, олсон орлого нь зарлага, зардалдаа яг таардаг улс болсон. Бид өдөр тутам үнийн өсөлт дунд амьдарч байна.  2020 оноос хойш жил бүрийн дундаж өсөлтийг тооцож үзэхэд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ 55 хувиар өссөн байна. Эсрэгээрээ монголчууд бидний орлого олдог гол түүхий эдийн орлого буурах эрсдэлтэй байна. Инфляци 8.3 хувьтай, хоёр оронтой тоо руу орох эрсдэлтэй байна. Засгийн газрын өр түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 800 төгрөгөөр суларлаа. Ийм нөхцөл байдлыг та хүлээж авч байна. Иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө, хэвлэл мэдээллийн байгууллагууд хэвлэн нийтэлснийхээ төлөө цагдаагийн байгууллагад дуудагддаг байж болохгүй. Тийм болохоор би танаас асуулт гэх юм уу, амлалт гэх юм уу авмаар байна. Таныг Засгийн газрын тэргүүнээр ажиллах хугацаанд үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг нэг ч удаа хуулийн байгууллагад өгөхгүй гэж амалж чадах уу. Энэ бол ардчиллын маш том суурь зарчим шүү.

-Г.ЗАНДАНШАТАР: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ХУВЬД БОДЛОГЫН МЭТГЭЛЦЭЭН, АЖИЛ ХЭРЭГЧ ШҮҮМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВНА-

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: Бид бол амлалт өгөөд байдаг биш ажил хэрэгч Засгийн газар байхыг эрхэмлэнэ. Амлалт олон янз. Тодорхой хэлбэл, Г.Занданшатарыг юу ч гэж хэлж болно. Г.Занданшатарыг шүүмжлэх гэж байгаа нь гээд хүний эрхийг зөрчиж, гэр бүл, үр хүүхэд рүү дайрч гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлэхийг зөвшөөрөхгүй. Хуулийг дээдэлж ажиллана. Төрийн өндөр албан тушаалтан бол бодлогын мэтгэлцээн, ажил хэрэгч шүүмжлэлийг хүлээн авна. Тийм учраас төрийн нэр хүнд, ард түмний итгэлцлийг дааж ажиллах нь маш чухал. Хамгийн гол нь хууль дээдэлж ажиллах нь хамгийн чухал.