УИХ-ын гишүүдээс хуулийн байгууллагад шалгагдаж буй нэг, дээд шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон нэг гишүүний асуудал өдгөө олны анхаарлыг татаж байгаа. Тодруулбал, нэг нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх Э.Болормаагийн асуудал, нөгөө нь Дээд шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон Дав.Цогтбаатар гишүүний асуудал. Тэгвэл хоёр гишүүнийг ирэх намраас эргүүлэн татаж, оронд нь Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг нарыг оруулж ирэхээр улс төрийн хүрээнд яригдаж байж магадгүй байна.
-Э.БОЛОРМААГИЙН ХЭРЭГ ХОВД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ШАЛГАГДАЖ БАЙГАА БОЛ ДАВ.ЦОГТБААТАР ГИШҮҮНИЙ ХЭРГИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛЫГ ШШГЕГ-Т ХҮРГҮҮЛСЭН БАЙГАА-
УИХ-ын гишүүн Э.Болормаа нь УИХ-ын сонгуулийн үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Холдингс Лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-иас хандив авч, уг хууль бус хандиваа сонгуулийн компанит ажилдаа зарцуулсан болох нь Үндэсний аудитын газрын тайлангаар нотлогдсон. Улмаар түүнд холбогдох хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас шалгаж эхэлсэн ч харьяаллын дагуу прокуророос тус хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар руу шилжүүлээд байгаа юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Э.Болормаа тайлбар мэдүүлэг өгөхгүй удаж байгаагаас болж хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байгаа гэх мэдээлэл бий ч уг хэргийн хөөн хэлэлцэх хугацааг харъяаллынх нь дагуу Ховд аймаг руу шилжүүлсэн үеэс нь эхлэн тооцож байгаа хэргийг хэлэлцэх хугацаа дуусах болоогүй байгаа юм байна.
Харин Хөгжлийн банкны хэргээр гурван шатны шүүхээс торгох ялаар шийтгэгдсэн УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатартай холбоотой хэргийн хамгийн сүүлийн мэдээллээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 07/2025.04.07/-ны өдөр түүнд холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг ШШГЕГ-т хүргүүлсэн байгаа юм.
Ингэснээр шийдвэр гүйцэтгэл явуулах боломж бүрдэж, Даваагийн Цогтбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж магадгүй гэсэн хүлээлтийг олон нийтэд үүсгэсэн. Гэхдээ ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл нарын гишүүд түүний асуудлыг хуулийн мухардалд ороод байгаа хэмээн булзааруулж байгаа. Тэгвэл зарим УИХ-ын гишүүд эдгээр хоёр гишүүний асуудлыг яаралтай эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар ярьж байгаа бөгөөд ирэх намар УИХ-ын чуулганаар оруулж, хоёр гишүүнийг эргүүлэн татаж магадгүй гэх асуудал улс төрийн хүрээнд яригдаж байгаа аж.
-ДАВ.ЦОГТБААТАРЫН ОРОНД Г.ЗАНДАНШАТАРЫГ, Э.БОЛОРМААГИЙН ОРОНД Ц.ЦЭРЭНПУНЦАГИЙГ ОРУУЛЖ ИРЖ МАГАДГҮЙ-
Ингэсэн тохиолдолд дээрх хоёр гишүүний оронд Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг нарыг оруулж ирж магадгүй байгаа юм. Учир нь Дав.Цогтбаатар гишүүн УИХ-ын I тойргоос сонгогдсон бөгөөд уг тойрог 10 мандаттай. Харин энэ тойрогт нэр дэвшсэн Г.Занданшатар сонгуулийн саналаар 11-т орсон буюу хамрынхаа урдуур таслуулсан. Харин Э.Болормаа гишүүн II тойргоос сонгогдсон бөгөөд мөн л 10 мандаттай уг тойрогт Ц.Цэрэнпунцаг урдуураа таслуулсан юм. Иймд Э.Болормаа, Дав.Цогтбаатар нарыг эргүүлэн татвал дээр дурдагдсан хоёр хүн оронд нь орж ирэхээр харагдаж байна. Гэхдээ Э.Болормаа, Дав.Цогтбаатар нарын оронд өөр гишүүнийг нөхөн томилох хуулийн хоёр гаргалгаа бий.
Үүний эхэнд өгүүлэхэд, Монгол Улсын Их хурлын тухай хуульд цэцээс гишүүнийг эргүүлэн татах дүгнэлт гаргасан болон гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол гишүүний бүрэн эрх хугацаанаас нь өмнө дуусгавар болохоор заасан байгаа юм.
Тэгвэл Даваагийн Цогтбаатарын сонгогдсон Хангайн бүсийн I тойрогт нөхөн сонгууль болох нь. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусвал ард нь бичигдсэн нэр дэвшигч УИХ-ын гишүүн болох бол тойрогт нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг эргүүлэн татсан тохиолдолд заавал тухайн тойрогт нь нөхөн сонгууль явуулахаар хуульд заасан байна.
Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 77.2-т “…Энэ хуулийн 4.3.1-д заасан сонгуулийн тойрогт нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүний орон гарсан, мөн энэ хуулийн 77.1-д заасны дагуу сонгогдсонд тооцох дараагийн нэр дэвшигч үлдээгүй бол нөхөн сонгууль явагдана" гэж заасан байна.
-Э.БОЛОРМАА ГИШҮҮНИЙ АСУУДАЛ ТОМОРЧ, ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭСЭН ЗААЛТААР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ МАГАДГҮЙ БАЙГАА-
Харин Э.Болормаа гишүүн нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн нь шүүхийн байгууллагаас тогтоогдвол түүнийг эргүүлэн татах үндэслэл болох бөгөөд энэ тохиолдолд түүний орон гарсан суудлыг нөхөх зарчмаар явах аж. Өөрөөр хэлбэл нөхөн сонгууль явуулахгүйгээр Ц.Цэрэнпунцагийг УИХ-ын гишүүнээр томилно гэсэн үг. Сонирхуулахад, эрх бүхий байгууллага Э.Болормааг хууль бус хандиваа буцаан шилжүүлээгүйг нь “явцын тайлан”-нд нь үндэслэн сонгуулийн дүн гарахаас өмнө тогтоож, Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлэх боломжтой байсан.
Энэ талаар Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 75.2-д ч тодорхой заажээ. Гэтэл Э.Болормаад хууль үйлчлээгүй. Улмаар түүнд холбогдох хэрэг томорч, Эрүүгийн хэрэг үүсэх боломжтой аж.
Учир нь сонгуулийн хууль зөрчиж төрийн өндөрлөгт гарсан бол төрийн эрхийг хууль бусаар авах, сонгууль будлиантуулах зэрэг заалтаар асуудал томорч магадгүй байгаа юм байна. Ингэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 19.2.1 дэх хэсэгт Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байгаа.
Ийнхүү дээрх хоёр гишүүнийг эргүүлэн татвал I тойрогт нөхөн сонгууль явуулах бол II тойрогт буюу Э.Болормаагийн оронд Ц.Цэрэнпунцагийг нөхөн оруулах зарчмаар явах нь. Ямартай ч Г.Занданшатар, Ц.Цэрэнпунцаг гэх хоёр хүнийг ирэх намраас УИХ-д оруулж ирэх улс төрийн зураг явагдаж байж магадгүй байна.