МАН-ын гишүүд дэмжигчдийн "Ардын хүч" холбооноос өнөөдөр /2025.06.06/ намын удирдлагууддаа шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэж мэдээлэл хийлээ.
Тус холбооны тэргүүн Б.Амарсанаа ярихдаа " Бага хурлаас гаргасан улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй хоёр долоо хонож байна. Хэдийгээр УИХ-аас Засгийн газарт итгэл үзүүлээгүй боловч шинэ Засгийн газрыг бүрдүүлж чадахгүй хугацаа алдаж буй нь ард иргэд, сонгогчид, намын гишүүдийн итгэл урмыг хугалж, эргэлзэх нөхцөл байдалд оруулж байна. Тиймээс Бага хурлын товыг яаралтай зарлаж, шинэ Засгийн газрыг ажилд нь оруулахыг шаардаж байна. Тэгэхгүй бол хаа сайгүй хүлээлтийн байдалд орлоо. Мөн шинэ Засгийн газрын сайд нарыг томилохдоо хүний нөөцийг сонгон шалгаруулах намын дүрмийг баримтлахыг шаардаж байна. Намын хамт олонд танигдаагүй хүмүүс удирдах албан тушаалд томилогддог байдал сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Шинэ Засгийн газар нь хуучин Засгийн газрын хэрэгжүүлж байсан том төслүүдийг хэрэгжүүлэх, Баялагийн сангийн ажлыг үргэлжлүүлэх ёстой. УИХ -аас Засгийн газарт итгэл үзүүлээгүй нь нийгэм, эдийн засагт асар их хор хохирол авчирч байна гэх агуулгаар маргааш, нөгөөдөр сөрөг зохион байгуулалттай арга хэмжээг хийх гэж байна. Үүнд намын зүгээс дорвитой хариу өгөх ёстой. Намын Бага хурлыг зарлахгүй удаж байгаад гайхаж байна" гэлээ.