УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.02/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Үргэлжлүүлэн үгээ хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Монголчуудын ирээдүйд итгэх итгэл өдөр ирэх тусам алсарч, төрд итгэх итгэл суларч байна. Л.Оюун-Эрдэнэ та Монголын түүхэнд хамгийн олон буюу таван жил ажилласан Ерөнхий сайд. Ингэхдээ Засгийн газрын сайд нараа өөрөө томилдог гэх мэт урд хожид байгаагүй маш их улс төрийн эрх мэдэлтэй байсан. Танай кабенит дотор зөрчил гарсан бол таны л томилсон хүмүүс зөрчил гаргаж байна. Мөн эдийн засгийн хувьд та хамгийн их эрх мэдэлтэй байлаа. Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа хамгийн их төсөв зарцуулсан. Ганц жишээ хэлэхэд, 2021-2025 онд төсвийн зарлага 120 их наядад хүрсэн. Энэ бол татвар төлөгчдийн хуруу хумсаа хугалан байж олсон мөнгө.
Монголчууд бидний байгалийн баялгаа заран байж олсон мөнгө. Гэтэл энэ хугацаанд монголчуудын амьдрал ингэж сайжирлаа, ийм асуудал шийдэгдлээ, хэдэн ажлын байр бий боллоо, залуусын мөрөөдөл биелэлээ гэж ам бардам хэлсэн нэг ч зүйл байсангүй.
Тийм ч учраас Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсон. Алдагдсан он жилүүдийг сунгахгүй байхын төлөө ажил хийхийн төлөө, бизнесийн орчныг сайжруулахын төлөө, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө, залуусын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө Ардчилсан намын сайд нар хичээж, манлайлж ажилласан. Тодорхой асуудлыг ч шийдсэн. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь орлогоо нотолж чадахгүй байгаагаа хамтарсан Засгийн газрын асуудал болгож байгаад харамсаж байна. Та анх эрх мэдэлд хүрч томилогдохдоо авлигалтай тэмцэнэ, ах нарынхаа алдааг засна гэж амласан. Энэ амлалтыг таниас талбай дээр жагсаж буй залуус нэхэж байна. Шалтгаан нь ердөө энэ. Түүнээс Үндэсний баялгийн санг эсэргүүцэж байгаа нэг ч хүн алга. Ямар нэгэн ил далд хүч, аль нэгэн бүлэглэл, Ерөнхийлөгчийн институд, том ах, том өрөг гэх мэт айдсыг дэвэргэх ямар хэрэг байдаг юм бэ. Өнөөдөр энэ танхимд ямар ч тодорхой зүйл яригдсангүй. Хуйвалдааны онол л яригдлаа. Ардчилсан намын бүлэг засаглалын тогтолцоог өөрчлөх Үндсэн хуулийн аливаа өөрчлөлтийг дэмжихгүй гэдгээ нотлоод шийдвэрээ гаргасан. Мөн өнөөдөр Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх санал хураалтад оролцохгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг таны хэвлэл хүртэл мушгиад байна. Монгол Улсад Ардчилсан хувьсгалаас хойш төрсөн, эрх чөлөөтэй нээлттэй нийгмийн иргэд болж төлөвшсөн залуус нийт хүн амын 60 хувийг бүрдүүлж байна. Тэд дарангуйллыг хүлээн зөвшөөрөхгүй, эрх чөлөөгөө булаалгахгүй. Харин та бид нар залуусынхаа мөрөөдөл, итгэлийг хамгаалах үүрэгтэй. Монгол Улсын Ерөнхий сайд айдсаар биш итгэлээр улс орноо удирдах ёстой. Тиймээс би иргэдийнхээ парламентынхаа, Үндсэн хуулийнхаа талд бат зогсоно. Та парламентыг хуваахгүйгээр өргөдлөө өгөөд огцорчихвол Монголын ардчилалд оруулах хамгийн том хувь нэмэр болно. Улс төрийн тогтвортой байдал, улс орны хөгжил нэг хүнээс огт хамаарахгүй. Би ганцаараа бүх асуудлыг шийдэж чадаж байна, өөр хэн ч чадахгүй бодно гэж эхэлнэ гэдэг аль хэдийн дарангуйлагч болсныг чинь илтгэж байна. Парламентдаа итгэ” гэлээ.