АНУ-ын хоёр иргэн Эквадорын Чимборасо галт уулын оргилд далайн түвшнээс дээш 6,277 метрийн өндөрт шатар тоглож, Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоожээ.
Тодруулбал, Адам Винингер (32), Жошуа Хост (44) нар энэ оны гуравдугаар сарын 31-нд Эквадорын Боливар мужид орших Чимборасо галт уулын оргилд авирч, шатрын өрөг тоглосон байна. Гиннесийн дэлхийн дээд амжилтын байгууллага тэдний амжилтыг энэ сарын 24-нд албан ёсоор баталгаажуулжээ.
Ингэснээр тэд хуурай газрын хамгийн өндөр цэгт ширээний болон бусад хөлөгт тоглоом тоглосон амжилтыг шинэчилсэн байна. Өмнөх амжилтыг Их Британийн иргэд Тим Мау, Нейл Лаутон нар 2024 онд Балбын Пута Хинчули ууланд 6,216 метрийн өндөрт тогтоож байжээ. Харин шинэ амжилтын эзэд өмнөх рекордыг 61 метрээр ахиулсан аж.
Сонирхолтой нь, шатрын өрөгт Адам Винингер өрсөлдөгчөө хожжээ. Тэрбээр хэт холын зайн гүйлтийн тамирчин тул авиралтын дараа биеийн хүчний хувьд бага зэрэг давуу байсан гэж ярьсан байна. Тэд хэн нэгэн энэ амжилтыг эвдвэл дахин өндөрт авирч, рекордоо шинэчлэх бодолтой байгаагаа илэрхийлжээ.