СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, нуурын мөсний зузаан нэмэгдэж байгаа ч зорчиход аюулгүй хэмжээнд хүрээгүй байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, нуурын мөсний зузаан нэмэгдэж байгаа ч зорчиход аюулгүй хэмжээнд хүрээгүй байна

Монгол орны гол, нуурын мөсний зузаан нэмэгдэж байгаа ч мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Иймд мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Энэ сарын 22-ны байдлаар жижиг болон дунд зэргийн голуудад мөсөн бүрхүүл тогтсон бол томоохон голуудын дагуу мөсөн зах үүсэх, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх, зайрын хахаа үүсэх зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж байна.

Хойд мөсөн далайн ай савын гол мөрөн, нуурын хувьд Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүр голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 10-35 см болсон байна. Идэр, Гичгэнэ, Хануй голуудын мөсний зузаан 10-25 см хүрчээ. Харин Эг, Бүгсий голуудад мөсөн зах, өтгөн зайр, зайрын хахаа ажиглагдаж, Хөвсгөл нуурын Ханх, Хатгал орчимд мөсөн зах үүссэн байна.

Тэрхийн цагаан болон Өгий нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-30 см нэмэгдэж, 25-30 см хүрчээ.

Номхон далайн ай савын гол мөрнүүдээс Хүдэр, Хараа, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр голуудын мөсний зузаан 15-40 см болсон байна. Харин Ерөө, Тэрэлж, Туул голын дагуу нимгэн мөсөн бүрхүүл, мөсөн зах болон зайр гүйх үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа аж. Сэлэнгэ мөрний дагуу мөсөн зах, зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байгаа бол Орхон голын эхээр мөсөн зах, өтгөн зайр гүйж, адгаар мөсөн бүрхүүл тогтон, мөсний зузаан 5-30 см хүрсэн байна. Хурх, Барх, Онон, Хэрлэн, Улз болон Халх голын адгаар мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-30 см нэмэгдэж, 15-35 см болсон бол Балж, Хэрлэн голын Багануур орчим, Халх голын Сүмбэр сумын орчимд мөсөн зах, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагджээ. Дуут, Буйр, Хөх нууруудад 20-30 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна.

Төв Азийн гадагш урсацгүй ай савын гол мөрөн, нуурын хувьд Алтай нуруунаас усжих Сагсай, Буянт, Бодонч, Турган, Согоог голуудын мөсний зузаан 10-45 см хүрсэн бол Харбут, Чигэртэй голууд ёроолдоо хүртэл хөлджээ. Ховд, Булган, Чонохарайх, Төгрөг голуудад мөсөн зах, зайр гүйх үзэгдэл голлон ажиглагдаж байна.

Хангай нурууны өврөөс эхтэй Чигэстэй, Богд, Хүнгүй, Хожуул, Завхан, Зүйл, Шарга, Байдраг, Шаргалзуут, Цагаантуруут, Онги, Зэгстэй, Таац голуудын мөсний зузаан 10-45 см болсон бол Заг гол ёроолдоо хүртэл хөлджээ. Тээл, Түйн голуудад мөсөн зах ажиглагдсан байна. Хөх нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 25 см нэмэгдэж, 65 см хүрсэн бол Тайгам, Бөөнцагаан нууруудад 10-15 см зузаан мөсөн бүрхүүл тогтжээ. Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хангилцаг голуудын мөсний зузаан 10-20 см болсон бол Намир гол ёроолдоо хүртэл хөлдсөн байна. Харин Хархираа, Хариг, Түргэн, Тэс голуудад мөсөн зах, дунд зэргийн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байгаа аж. Увс нуурын хувьд мөсөн зах, мөсөн хөвлөг үүссэн ч хараахан мөсөн бүрхүүл тогтоогүй байна.

Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэх боловч мөсний зузаан, даац усны нийт уртын дагуу болон нуурын толио хэсэгт харилцан адилгүй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.