Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагчийн биед халдаж, гурван удаа хутгалсан ноцтой хэрэг өнгөрөгч тавдугаар сарын 16 /2026.05.16/-ны өдөр Хан-Уул дүүрэгт гарсан.
Тодруулбал, Замын цагдаагийн алба хаагч Б нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллах явцдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг саатуулан шалгах үед жолоочтой хамт зорчиж явсан 47 настай, эрэгтэй "Ө" гэгч нь алба хаагчийг хэл амаар доромжилж, шаардлагыг эсэргүүцэж, улмаар иргэн "Ө" гэртээ харихаар явсан боловч буцаж хутга нуун ирж, алба хаагчийн биед халдаж, гурван удаа хутгалсан ноцтой хэргийн талаар бид "Хэргийн мөрөөр" буландаа хөндөж байсан билээ.
Тэгвэл тус хэргийг Мөрдөн шалгах албаны Хүнд гэмт хэрэгтэй мөрдөн шалгах хэлтэс мөрдөн шалгаж, улмаар прокророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодотговол, Нийслэлийн прокурорын газраас албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн биед халдсан Д.Ө гэх эрэгтэйд холбогдох хэрэгт хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. Одоогоор тус хэргийг хэлэлцэх шүүхийн тов гараагүй байгаа аж.
Хэргийн талаар эргэн сануулахад, Замын цагдаагийн алба хаагч Б нь 2026 оны тавдугаар сарын 16-ны өдрийн шөнийн 12 цагийн орчимд, Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засгийн сургуулийн урд талын авто зам дээр тус дүүргийн Замын цагдаагийн нэр бүхий алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд энэ явцад Toyota Highlander маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байсан Б гэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тусгай багажаар шалгаж үзсэн байна.
Ингэхэд тухайн жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Мөн түүнтэй хамт явж байсан нөхөр Д.Ө гэгч нь согтуу байсан бөгөөд цагдаагийн алба хаагчдыг “Яагаад байгаа юм. Та нарыг бүгдийг чинь хутгална” хэмээн заналхийлж байгаад явсан байна. Харин тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б гэх эмэгтэй нь цагдаагийн алба хаагчдад шалгуулж дуусаад, тээврийн хэрэгслээ үлдээгээд нөхрийнхөө араас явсан байгаа юм.
Гэтэл үүнээс нэг цаг орчмын дараа буюу шөнийн 01 цагийн орчимд цагдаа нарыг заналхийлж байсан Д.Ө гэгч нь хувцсаа сольж өмсөөд, биедээ хутга нууж цагдаа нар дээр ирээд үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч Б-гийн нуруун тус газарт нэг, цээжинд нэг, гарт нь нэг удаа хутгалж, улмаар хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөн хутгалахыг завдсан гэдэг.
Улмаар Д.Ө гэгч нь хэргийн газраас зугтаж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нуугдсан байхад нь эрэн сурвалжилж, хойшлуулшгүйгээр баривчилсан байгаа юм. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаагийн алба хаагчийг гурван удаа хутгалж, хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг хутгалахыг завдсан этгээд нь нэлээдгүй согтуу байсан гэдэг.