УИХ-ын байнгын хороод өнөөдөр /2026.10.20/ 2027 оны төсвийн төсөл болон холбогдох хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхээр товложээ. Тодруулбал, таван байнгын хороо, нэг дэд хороо, гурван ажлын хэсэг хуралдах юм.
Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон зээлийн хүүгийн хөнгөлөлт, татаас, урамшуулал, хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн талаар мэдээлэл сонсоно.
Мөн Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
Хууль зүйн байнгын хороо Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцахаас гадна 2027 оны төсөв болон төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэнэ.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2027 оны төсвийн төсөлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Түүнчлэн багш, ажилчдын нийгмийн баталгаа, ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаар холбогдох сайд нарт тавьсан асуулгын хариуг хэлэлцэж, ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд болон нийгмийн халамжийн асуудлаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсоно.
Өргөдлийн байнгын хороо Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын 2026 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ. Мөн 2027 оны төсвийн төсөлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ.
Үүнээс гадна Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо хаалттай хуралдах бол УИХ-ын даргын 2026 оны 232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төрийн дэмжлэг, урамшууллын асуудлаарх ажлын хэсгүүд хуралдана.