Л.Гантөмөр "Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд тараах" тогтоол гаргахыг шаардаж, АН-ын бүлгийг бойкотолжээ

Л.Гантөмөр "Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд тараах" тогтоол гаргахыг шаардаж, АН-ын бүлгийг бойкотолжээ

Долоо хоног бүрийн даваа гарагт ээлжит хурлаа хийх ёстой УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр /2026.10.19/ гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадаагүй юм. Улмаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа ирэх долоо хоногийн даваа гараг /2026.10.26/-т хэлэлцэхээр хойшлуулжээ.

-АН-ЫН БҮЛГИЙН ХУРЛЫГ Л.ГАНТӨМӨР НАРЫН 10 ГИШҮҮН БОЙКОТЛОВ-

УИХ дахь АН-ын бүлгийн шинэ дарга Б.Түвшингийн удирдах анхны хуралд өчигдөр өглөө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар, О.Амгаланбаатар, Ц.Баатархүү, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ц.Мөнхбат, Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, Д.Жаргалсайхан, А.Ганбаатар, Р.Эрдэнэбулган, Н.Алтанхуяг, Б.Бейсен нарын 14 гишүүн хүрэлцэн ирсэн байна. Үүний дараа үдээс өмнө болон үдээс хойш Ц.Мөнхтуяа, Ш.Бямбасүрэн, П.Мөнхтулга, Д.Энхтуяа нар ирж нэмэгджээ. Ингэснээр хуралдаа ирсэн гишүүдийн тоо 18 болж, эмнэлгийн чөлөөтэй байгаа Х.Болормааг тэдэн дээр оролцуулан тооцсон ч УИХ дахь АН-ын бүлгийн ирц хүрээгүй байна.

Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хурлаар бүлгийн дэд дарга нараа тодруулахаар төлөвлөсөн ч ийнхүү хуралдаж чадаагүй байна. Энэ нь УИХ-ын гишүүн Л.Гантөмөр тэргүүтэй 10 гишүүний бойкоттой холбоотой гэх мэдээлэл байна.

Учир нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж буй Л.Гантөмөр “Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд шууд тараах” УИХ-ын тогтоолын төсөл санаачлахыг АН-ын бүлгээс шаардсан байна.

Сонирхуулахад, Ерөнхий сайд Н.Учрал “Рио Тинто” компанийн удирдлагуудтай хэлэлцээ хийсний дүнд Монгол Улс “Оюу толгой” төслөөс хүртэх ногдол ашиг болох гурван их наяд төгрөг буюу ойролцоогоор 835 сая ам.долларыг 2027 онд авахаар болоод байгаа юм. Харин уг мөнгийг хэрхэн зарцуулахыг УИХ-ын гишүүд олонх шийдвэрлэх учиртай. Тухайлбал, зарим гишүүд энэ мөнгөөр дулааны цахилгаан станц барьж, хойд хөршөөс эрчим хүчний хувьд хараат байдлаа бууруулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Гэтэл УИХ-ын гишүүн О.Батнайрамдал болон Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшихээр горилж буй Л.Гантөмөр нар “Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд шууд тараах” шаардлага тавьж эхлээд байгаа юм.

-“ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ”-ИЙГ ХЭРХЭН ХУВААРЛАХ СЭДВЭЭР О.ЦОГТГЭРЭЛ, Л.ГАНТӨМӨР НАР ХОЁР ӨӨР БАЙР СУУРИЙГ НЭГЭН ЗЭРЭГ ИЛЭРХИЙЛЭВ-

Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өөр өөр байр суурьтай байгаа нь өчигдөр дараалан хийсэн О.Цогтгэрэл, Л.Гантөмөр нарын мэдэгдлээс харагдаж байсан юм. Тодруулбал, АН-ын дарга О.Цогтгэрэл Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хүртээх нь зохистой талаар байр сууриа илэрхийлсэн. Хэвлэлээс аль болох зайлс хийх болсон тэрбээр энэ удаа тайван, эвлэгхэн гэгч нь байр сууриа илэрхийлсэн юм. 

ВИДЕО: 

 

Тэрбээр “Засгийн газраас ногдол ашгийг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нэртэйгээр төсвийн цоорхойгоо нөхөх гэж байна. Баялгийн сангийн хуулиар иргэд хувьцаатай болох ёстой. Энэ бол Ардчилсан намын байр суурь. Оюу толгойн үнэлгээг тооцож үзэхэд 10 гаруй тэрбум ам.долларын үнэлгээтэй компани. Үүний 34 хувь гэж тооцвол 34 их наяд төгрөгийг 3.5 сая иргэнд хувьцаа болгон өгөх боломжтой. Үүн дээр жил бүрийн ногдол ашиг авах боломжтой төсөл” хэмээн мэдэгдсэн.

Харин түүний дараа УИХ-ын гишүүн, АН-ын дарга асан Л.Гантөмөр “Оюу толгойн ногдол ашиг 877 мянган төгрөгийг иргэдэд бэлэн тараах ёстой. Ахмадууд энэ мөнгөөрөө нэг үхрийн хаа, гуя ч болтугай авах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

ВИДЕО: 

Ийнхүү О.Цогтгэрэл иргэдийг хувьцаа эзэмшүүлж, цаашид ногдол ашиг хүртэх боломж бүрдүүлэхийг дэмжсэн бол Л.Гантөмөр ногдол ашгийг иргэдэд шууд бэлэн мөнгө хэлбэрээр тараах шаардлага тавьсан юм. Энэ нь АН-ын доторх баялгийн хуваарилалтын талаарх хоёр өөр байр суурийг илтгэж байлаа.

Л.Гантөмөрийн хувьд 2027 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших сонирхолтой буйгаа илэрхийлж байгаа нэгэн. Тиймээс иргэдэд бэлэн мөнгө тараах шаардлага тавьж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авах, улс төрийн оноо цуглуулах зорилготой байж болзошгүй юм. 

Л.Гантөмөр 2024 оны УИХ-ын сонгуулиар АН-ын жагсаалтын нэгдүгээрт өөрийгөө бичиж, сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газарт Шадар сайдын албан тушаал хашсан нэгэн. Иймд Л.Гантөмөрийн "Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд тараа" гэсэн шаардлагын цаана Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын бодлого ч байж магадгүй юм. Учир нь Л.Гантөмөр хоёр хуваагдсан МАН-ын нэг талын дэмжлэгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулна гэж горьдож байж ч болзошгүй юм. Ямартай ч “Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд хэрхэн хүртээх вэ” гэсэн асуудал УИХ дахь АН-ын бүлгийн дотоод маргааны нэг гол сэдэв болж, шинэ дарга Б.Түвшингийн хувьд гишүүдээ нэгтгэж, бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах эхний сорилт болж эхэлжээ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө