"АНУ Монгол дахь Элчин сайдын яамныхаа шинэ барилга барих ажлыг эхлүүлнэ" гэж мэдэгдлээ

"АНУ Монгол дахь Элчин сайдын яамныхаа шинэ барилга барих ажлыг эхлүүлнэ" гэж мэдэгдлээ

Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны шинэ барилга барих төслөө Монгол Улсад эхлүүлж буйгаа АНУ-ын Төрийн Департаментаас мэдэгдлээ. Уг барилгад дотоодын материал, ажиллах хүчийг ашиглах бөгөөд Монгол орны байгалийн онцлог шинж болох газар, ус, тэнгэрийн билэгдлийг шингээхээр төлөвлөж буй нь Монголын эдийн засгийг дэмжихээс гадна байгалийн дурсгалт өвийг нь хүндэтгэж буйн илрэл юм гэж манай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас бидэнд мэдээллээ. 

Мөн тус мэдээлэлд, "Бүс нутгийн түншлэлийг эрхэмлэдгээ илэрхийлж, шинэ байгууламжийн инженерийн шугам сүлжээний холбогдох гэрээг АНУ-ын Засгийн газар саяхан Монголын дотоодын гүйцэтгэгч компанид олгосон билээ. Элчин сайдын яамны үндсэн барилгын ажилтай уялдан тусдаа төсөл хэлбэрээр хэрэгжих энэхүү гэрээгээр шинэ байгууламжийг хотын инженерийн шугам сүлжээнд холбоход шаардлагатай талбайн гаднах дэд бүтцийн ажил багтана. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган: “АНУ-ын Элчин сайдын яамны шинэ барилгыг барих нь Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хоорондын бат бэх харилцааны ач холбогдлыг онцлон харуулж буй чухал үйл явдал юм” гэж тэмдэглэн хэлээд “Бид Монгол Улсын стратегийн гуравдагч хөршүүдийн нэг гэдгээрээ бахархалтай байдаг бөгөөд Элчин сайдын яамны шинэ барилга түншлэлээ гүнзгийрүүлэх бидний тууштай байр суурийг харуулах юм” хэмээлээ.

Хан-Уул дүүрэгт байрлах уг төслийг гүйцээхэд ойролцоогоор таван жил шаардагдана гэсэн тооцоололтой байна. Энэхүү барилга ашиглалтад орсноор консулын үйлчилгээнд зориулсан талбай илүү цэлгэр болж, Элчин сайдын яамны ажилтнууд болон зочид илүү тав тухтай орчинд ажиллах боломж бүрдэх юм. Шинэ байгууламж нь Элчин сайдын яамны үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлж, хоёр орны аль алинд нь ашиг тусаа өгнө.

Элчин сайдын яамны шинэ байгууламжийн бүтээн байгуулалт нь Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хоорондын урт удаан, харилцан ашигтай харилцааны тод илрэл юм. Уг бүтээн байгуулалт нь Монголын ард түмэнтэй урт хугацаанд хамтран ажиллах тууштай эрмэлзлийг илэрхийлж, дипломатын, эдийн засгийн болон соёлын харилцааг хойч үеийнхэнд зориулан улам бэхжүүлэхэд чиглэж байна" гэжээ.

Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.