ОХУ Японы сэтгүүлчийг “тагнуул хийсэн” хэргээр баривчилжээ

ОХУ Японы сэтгүүлчийг “тагнуул хийсэн” хэргээр баривчилжээ

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Сахалин аралд Японы “Хоккайдо Шимбун” сонины 34 настай сурвалжлагч Юки Имайг саатуулжээ. Түүнийг Курилын арлуудаас Украины эсрэг дайнд оролцохоор илгээгдсэн Оросын цэргийн алба хаагчдын тоо баримтын талаар мэдээлэл цуглуулсан хэрэгт буруутгаж байгаа аж.

Энэхүү үйл явдал нь Орос, Японы харилцаа хурцадмал байгаа үед тохиолдсоноороо анхаарал татаж байгаа аж. Тодруулбал, тус мэдээлэл гарахаас 4 хоногийн өмнө Япон улс Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч Томоко Аканэ болон тус шүүхийн бусад албан тушаалтны эсрэг ОХУ-аас явуулж буй мөрдлөгтэй холбоотойгоор Москвагийн эсрэг албан ёсны эсэргүүцэл илэрхийлээд байжээ.

Харин энэ сарын 8-нд Орос улс Нидерландаас Томоко Аканэ болон Олон улсын эрүүгийн шүүхийн бусад найман албан тушаалтныг шилжүүлэн өгөхийг шаардсан байна. Москва 2023 онд Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинийг Украины хүүхдүүдийг хууль бусаар албадан шилжүүлсэн хэрэгт холбогдуулан баривчлах шийдвэр гаргасны дараа тус шүүхийн албан тушаалтнуудыг эрэн сурвалжилж эхэлсэн юм.

Харин Японы тал Оросын энэхүү шаардлагыг үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдээд байжээ.

Гэтэл Япон улс Оросын эсрэг  ийнхүү эсэргүүцэл илэрхийлснээс хэдхэн хоногийн дараа ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба япон сэтгүүлчийг баривчилсан байна. Юки Имайг буруутгаж буй хэрэг нь түүнд 10-20 жилийн хорих ял оноох эрсдэлтэй гэж мэдээлжээ.

Үүнээс гадна, өнгөрсөн наймдугаар сард В.Путин маргаантай Итуруп аралд айлчилсан нь Токиогийн эсэргүүцлийг дахин төрүүлээд байсан юм. Итуруп арал нь Япон, Оросын хооронд газар нутгийн маргаантай байдаг Курилын арлуудын нэг. Харин Юки Имайг Курилын арлууд дахь Оросын цэргийн алба хаагчдын талаар мэдээлэл цуглуулсан хэрэгт буруутгаж байгаа нь хоёр улсын харилцаанд дахин хурцадмал байдал үүсгэж болзошгүй байгаа аж. 

Оросын хэвлэлийн мэдээлснээр, Юки Имай нь 2014 оноос хойш ОХУ-д тогтмол ирдэг байсан бөгөөд Санкт-Петербургийн Улсын их сургуульд суралцаж байжээ. Тэрээр Оросын соёл, балет, сонгодог хөгжим болон Зөвлөлтийн үеийн кино урлагийг сонирхдог аж.

Энэ зун Юки Имай Оросын Алс Дорнодын бүс нутгуудаар аялж, нутгийн иргэдтэй уулзан, Дэлхийн хоёрдугаар дайны үеэр олзлогдсон япон цэргүүдийн түүхийг судалсан байна. Түүний нийтлэлүүдэд Төрийн Думын сонгууль, Орос-Хойд Солонгосын харилцаа, мөн Сахалин дахь хойд солонгос иргэдийн нөхцөл байдлын талаар хөнддөг байжээ.