Сүхбаатар аймгийн хэмжээнд залилах болон цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийн энэ оны эхний есдүгээр сарын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд иргэдэд учирсан хохирол 1.72 тэрбум төгрөгт хүрээд байна.
Нийт залилах гэмт хэрэг 15.5 хувиар өсөж 97 хэрэг бүртгэгдсэнээс цахим бус буюу иргэдтэй уулзаж, итгэлийг олох замаар үйлдэгдсэн залилан 69.8 хувиар нэмэгдэж нийт залилангийн 75.3 хувийг эзэлж байна. Цахим мэдээлэлд хууль бусаар халдах тохиолдол 5.7 дахин өсөж 40 хэрэг бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн хохирлын дийлэнх буюу залилангийн 57.7 хувь, хохирлын 87.7 хувь нь Баруун-Урт суманд бүртгэгдсэн бөгөөд тус сумын 7-р баг залилах гэмт хэргийн гаралт хамгийн өндөр байна. Гэмт этгээдүүдийн гол ашиглаж буй арга хэлбэр нь цахим орчинд хуурамч линк, холбоос байршуулах эсвэл "Та азтан боллоо", "Судалгаанд хамрагдаад урамшуулал аваарай" гэх зэргээр хуурч, иргэдийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн кодыг авч дансны үлдэгдэл мөнгийг шилжүүлэн авах аргыг түгээмэл ашиглаж байна.
Хохирогчдын 61.9 хувийг 35-50 насныхан эзэлж байгаа ба эрсдэлтэй бүлэгт хувиараа хөдөлмөр эрхлэгч (29), малчин (25), төрийн албан хаагч (18) нар хамгийн ихээр өртжээ. Иймд иргэд олон нийт цахим орчинд сонор сэрэмжтэй байж, ямар ч тохиолдолд нэг удаагийн нууц үг болон банкны мэдээллээ бусдад өгөхгүй байх, сэжигтэй холбоос мессежид итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Сэжигтэй тохиолдол бүрт цагдаагийн байгууллагын 7051102 тусгай утсанд мэдээлнэ үү.