Явган зорчигч дайрч, зугтсан жолоочийг олжээ

Явган зорчигч дайрч, зугтсан жолоочийг олжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 11-ний үүрийн 05.00 цагийн орчимд явган зорчигч автомашинд дайруулж, амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тухайн үед явган хүний гарцан дээр гурван хүн зам хөндлөн гарахаар хүлээж байсан аж. Тэдний хоёр нь гарцаар гаралгүй үлдэж, нэг нь зам хөндлөн гарч явах үед автомашинд мөргүүлжээ. Улмаар жолооч ослын газарт зогсолгүй явж, хэргийн газраас зугтсан байна. Тээврийн цагдаагийн албанаас уг хэргийг 22 настай эрэгтэй үйлдсэнийг илрүүлж, жолоочийг олсон бөгөөд хэргийг шалгаж байгаа аж. Автомашинд мөргүүлсэн 58 настай эмэгтэй ослын улмаас амиа алдсан байна. Зам тээврийн осол гаргасан жолооч ослын газарт нэн даруй зогсож, холбогдох байгууллагад мэдэгдэн, цагдаагийн алба хаагчдыг иртэл хүлээх үүрэгтэй. Мөн хэргийн ул мөрийг хамгаалж, бусад замын хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулахаас сэргийлэхийн тулд ослын газраас суурин газарт 15 метр, суурин газрын гаднах замд 30 метрийн зайд ослын гурвалжин тэмдэг байрлуулах шаардлагатай. Эдгээр зай нь дунджаар суурин газарт 20 алхам, суурин газрын гаднах замд 40 алхамтай тэнцэх юм.