Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гаргасан гомдлын дагуу сэтгүүлч Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг шүүх хүчинтэйд тооцсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, нэр бүхий фэйсбүүк хуудаснаас нийтийн албан тушаалтнуудын ажил, албан тушаал, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд нь хохирол учруулж болзошгүй агуулгатай мэдээлэл тараасан гэх гомдолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байжээ.
Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр Т.Шинэбаярыг 2026 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 05:10 цагаас эхлэн хойшлуулшгүйгээр баривчилсан байна. Прокуророос уг баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах санал гаргасныг шүүх мөн өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. Шүүх хэрэг бүртгэлтийн явцад цугларсан нотлох баримт болон прокурорын саналыг үндэслэн, сэжигтний хувийн байдал, холбогдсон гэх гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцсон байдаг.
Тэгвэл прокуророос Т.Шинэбаярыг үргэлжлүүлэн цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах саналыг Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд хүргүүлж, энэ дагуу шүүх тус саналыг хэлэлцээд сэтгүүлч Т.Шинэбаярыг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг гаргасан байна.