Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл болон “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутагт байгуулах үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийг хариуцан хэрэгжүүлж байна. Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцэд 68 сая ам.долларын санхүүжилт хийж, эхний ээлжийг ашиглалтад хүлээн авчээ. Дэд бүтцийн ажлыг 2027 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус паркийг байгуулах 1200 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд дараах үйлдвэрүүдийг байгуулахаар төлөвлөжээ.
Үүнд:
-
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр
-
Молибденийн баяжмал боловсруулах ферромолибдений үйлдвэр
-
Зэс нано нунтгийн үйлдвэр
-
Кабель утасны үйлдвэр багтаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнхийн танилцуулснаар, Эрдэнэт өртөөнөөс 4.4 км урт төмөр зам татсанаар импортын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл, технологийн паркийн талбайд шууд буулгах боломж бүрджээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-тэй төмөр замаар холбох бүтээн байгуулалт үргэлжилж байна. Түүнчлэн цэвэр усны хангамж, ариутгах татуургын системийг шийдвэрлэж, 12.7 км авто замын далангийн ажлыг дуусган хучилт хийж байгаа аж. Үйлдвэрлэл, технологийн паркийн эдэлбэр газрыг тойруулан хашаа барьжээ. Харин “Оюут” дэд станцын бүтээн байгуулалт дуусаж, туршилтын хугацаа үргэлжилж байна. Тус станц нь үйлдвэрлэл, технологийн паркийг цахилгаанаар хангахаас гадна Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагаанд чухал ач холбогдолтой бөгөөд 140 гаруй сумын цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангана гэж Т.Батмөнх танилцууллаа. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр нь нэмүү өртөг шингэсэн цэвэр зэс үйлдвэрлэхээс гадна өндөр технологид суурилсан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, дагалдах жижиг, дунд үйлдвэрүүдийн хөгжлийг дэмжих, дэвшилтэт технологи нутагшуулах, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм. Ерөнхий сайд Н.Учрал бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг онцоллоо.