Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцээд гуравдугаар сарын 10-ны өдөр шийдвэрээ танилцуулсан.
Ингэхдээ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Харин шүүгдэгч болон тэдний өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байна.
Тодруулбал, шүүгдэгч Д.Даваасамбуу, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Н.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч О.Батсүх, шүүгдэгч Д.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баяраа, шүүгдэгч “Ц.Баатарбилэг, “НВЦ” ХХК нарын өмгөөлөгч Б.Мөнхбат, иргэний хариуцагч “Кью Эс Си” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхтэмүүлэн, шүүгдэгч Г.Батдоржийн өмгөөлөгч К.Манлай, шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Б.Болдбаатар, шүүгдэгч Б.Шинэбаатарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг, шүүгдэгч Г.Байгалмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч П.Мягмардоржийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч М.Баярмагнайн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, шүүгдэгч Н.Баярчимэгийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр нарын хамтран, шүүгдэгч Г.Галсанням, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, Д.Түмэнжаргал нарын хамтран, шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Отгонбат, шүүгдэгч С.Магнайсүрэнгийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, иргэний хариуцагч “Энержи ресурс” ХХК-ийн өмгөөлөгч А.Даваабилэг нарын Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ.
Тэгвэл дээрх хүмүүсийн гомдлуудыг үндэслэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаараа өнөөдөр /2026.09.26/ хянан хэлэлцэхээр болжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсны дараа нэр бүхий шүүгдэгч болох УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай холбоотой хэргийг улс төрийн агуулгаар тайлбарлаж байна хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргаж байсан удаатай. Харин саяхан нэр бүхий өмгөөлөгчид "Улсын дээд шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл" хэмээн мэдэгдэж, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандсан нь магадгүй Хөгжлийн банкны гэх тодотголтой дээрх хэрэгтэй холбоотой байж магадгүй гэх хардлага байгаа юм.
Ямартай ч олны анхаарлын төвд байдаг Хөгжлийн банкны гэх тодотголтой УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарт холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүх хянан хэлэлцэхээр болжээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.