2009 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Өөрчилье” гэсэн үндсэн уриатайгаар оролцож, ялалт байгуулж байсан. Тэгвэл энэ жил Ардчилсан нам “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар хэрэгжүүлж байна.
-“МОНГОЛОО ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТЭД АН-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ОРОЛЦОВ-
Улмаар тус үндэсний хөдөлгөөний Дархан-Уул аймаг дахь нээлтийн арга хэмжээ есдүгээр сарын 26-нд болж өнгөрлөө. Уг арга хэмжээний үеэр анхаарал татсан нэг зүйл нь ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн буюу нам дотроо горилогчид оролцсон явдал байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Ганбат тэргүүтэй зочид, төлөөлөгчид арга хэмжээнд оролцжээ.
"2017 ОНООС ХОЙШ НАМЫНХАА ХААЛГААР Ч ШАГААГААГҮЙ Л.ГАНТӨМӨРИЙГ 2020 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭЭГҮЙ"
Тэдгээр горилогчдоос олон нийтийн анхаарал, шүүмжлэлийг хамгийн их татсан нь УИХ-ын гишүүн Л.Гантөмөр байлаа. Учир нь Л.Гантөмөр бол 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших эрхээ ч аваагүй нэгэн. Тэрбээр 2004, 2008, 2012 онд тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2016 оны сонгуульд “өвдөг шороодсон”. Улмаар 2017 оноос хойш намынхаа хаалгаар ч шагаагаагүй гэх яриа намын гишүүдийн дунд байдаг. Ингээд 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ намаасаа ч авч чадаагүй юм.
"Л.ГАНТӨМӨР Х.БАТТУЛГЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР АН-ЫН ДАРГА БОЛСОН ГЭДЭГ"
Үүний дараа 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн ялагдлын дараа Ардчилсан намын дотоод хагарал эхэлж, С.Эрдэнэ тамгатай, Х.Баттулга гэрчилгээтэй гэх тодорхойлолтод хүрч, нам 2023 он хүртэл хоёр хуваагдсан нөхцөл байдалтай явсан билээ. Энэ үед Ардчилсан намын даргаар Л.Гантөмөр сонгогдсон бөгөөд түүнийг Х.Баттулгын дэмжлэгтэйгээр намын дарга болсон гэгддэг.
"Л.ГАНТӨМӨР ӨӨРИЙГӨӨ НАМЫНХАА ЖАГСААЛТЫН НЭГТ ТАВЬСАН"
Улмаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль залгаж, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр намаа хэрхэн удирдан сонгуульд орох, өмнөх ялагдлыг хэрхэн амжилт болгон өөрчлөх вэ гэсэн хүлээлт улс төрийн хүрээнд байсан. Гэвч сонгуулийн дүн өмнөхөөсөө өөр дүр зураг харуулсангүй. Харин Л.Гантөмөр өөрийгөө намынхаа жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлсэн нь улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн анхаарлыг татсан юм. Намын дарга, улс төрчийн хувьд намынхаа төлөө хамгийн хүнд тойрогт өрсөлдөж, сонгуулийн үр дүнгээр өөрийгөө харуулах боломж байсан ч тэр жагсаалтыг сонгосон. Үүнийг улс төрийн хүрээнд ч олон нийтээс ч багагүй шүүмжилсэн.

"Л.ГАНТӨМӨР Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ ЭРТНЭЭС ТОХИРОЛЦОЖ, ӨӨРИЙГӨӨ ЖАГСААЛТЫН НЭГТ БИЧҮҮЛСЭН БАЙЖ МАГАДГҮЙ"
Улмаар 2024 оны сонгуулийн дараа Ардчилсан нам Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газартай хамтарч ажиллаж, Л.Гантөмөр Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсон. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших эрхээ авч чадаагүй байсан Л.Гантөмөр дөрвөн жилийн дараа Засгийн газрын тэргүүн шадар сайдын албан тушаалд очсон юм. Магадгүй, Түүнийг Л.Оюун-Эрдэнэтэй эртнээс тохиролцож, намаа ялагдуулж, өөрийгөө жагсаалтын нэгт бичүүлсэн гэж ч хардах хэсэг бий. Нөгөө талаас, Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн нь МАН доторх өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой байж болох юм. Тэр дундаа МАН-ын дотоод зөрчил гүнзгийрсэн энэ үед Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгийг дахин авах боломжийг тооцож байгаа гэх хувилбар харагдаж байна.
"НАМАА ЯЛАГДУУЛЖ, ӨӨРСДӨӨ АЛБАН ТУШААЛД ХҮРДЭГ НЭГЭН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХ НЬ ГЭВ"
Энэ нөхцөлд түүнийг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа гэх мэдээлэлтэй зэрэгцэн АН-ын гишүүдийн дунд дахин шүүмжлэл гарч эхэллээ. Тэдний зүгээс “намаа ялагдуулж, өөрсдөө албан тушаалд хүрдэг нэгэн Ерөнхийлөгчид нэр дэвших нь” гэх агуулгаар шүүмжилж байгаа юм.
Сануулахад, Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшигчийг тодруулах эрх Үндэсний бодлогын хороонд бий. ҮБХ уг асуудлаар нууц санал хураалт явуулж, хамгийн өндөр санал авсан хоёр хүртэлх нэр дэвшигчийг Намын Их Хуралд өргөн мэдүүлэх боломжтой гэж дүрэмд заасан байдаг.