Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” хэвшил дахин бүртгэгдсэн нь Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээгээр батлагдсан учраас 2026 оны наймдугаар сарын 26-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Эдгээр сумд нь хил орчмын бүс нутгаас гадна зээрийн сүрэг ихтэй. Дорнод аймгийн “Номинт” багийн нутагт буй 15 мянга гаруй зээрийн сүргээс дээж авч шинжлэхэд цөөнгүй нь шүлхийгээр өвдсөн нь тогтоогдоод байгаа аж. Улз голд хашигдаж буй эдгээр зээрийн сүрэг өвөл мөс хөлдсөний дараа нүүдэллэж, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар шүлхий өвчин тараах эрсдэл өндөр байна гэлээ. Мал эмнэлгийн ерөнхий газар шүлхийн голомтот бүсэд 74 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд нөөцдөө байсан таван мянган тун вакциныг мэдрэг малд хийж эхэлжээ. Нэмэлтээр мөн 190 мянган тунг хүргүүлээд байгаа аж. Цаашдаа үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулан 6 сая тун “SAT-1”, О, А дэд хэвшлийн вакциныг нэн яаралтай худалдан авах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Мөн хилийн бүс нутаг учраас хүн, тээврийн хэрэгслийн хяналтыг чангатгах, отор нүүдлийн зорилгоор хилийн хамгаалалтын бүс рүү малчдыг нэвтрүүлэхгүй байх, хил орчмын бүс нутагт зэрлэг амьтдын тандалт судалгаа хийх ажлыг шуурхайлах үүргийг холбогдох албаны хүмүүст өглөө. Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт хүн хүч, техник хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн санхүүг яаралтай шийдэх, улсын болон орон нутгийн чанартай автозамуудад хяналтын пост ажиллуулах, малчдад мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөгөөг хүргүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэх үүргийг өгсөн байна.