Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 162 дугаар захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын хүрээнд шатахууны жижиглэн борлуулалтын үнийг үндэслэлгүй нэмэгдүүлэх, зохиомол хомсдол үүсгэх зорилгоор шатахуун борлуулалтыг зогсоох зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлж байна.
Энэ хүрээнд Монополын эсрэг газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд хэрэглэгчдэд үнэн зөв, ил тод мэдээлэл өгөх, шатахууны худалдаа, үйлчилгээнд хиймэл хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхгүй байх талаар зөвлөмж, албан шаардлага хүргүүлжээ. Мөн “Тэс петролиум” ХХК-ийн ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу тус компанийн нэгэн салбарын эрхлэгч хэрэглэгчдээс төлбөрийг хувийн дансандаа авч, дугаарлалт харгалзахгүйгээр давуу байдал олгон шатахуун борлуулсан зөрчлийг шалгажээ. Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” зөрчилд хамаарч, хоёр сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна. Түүнчлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монополын эсрэг газрын улсын байцаагчид ажиллаж, нийслэлийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтад “Сод монгол групп”, “Тэс петролиум”, “Петростар”, “Магнай трейд”, “Шунхлай петролиум”, “Аргаль Ойл”, “Монсуль”, “Горгаз” ХХК-ийн ШТС-ууд хамрагджээ. Шалгалтын үеэр “Сод монгол групп” ХХК-ийн ШТС-1, 2, 3, 13, 39, 42, 43 салбар АИ-92 төрлийн шатахууны тодорхой нөөцтэй боловч тодорхойгүй шалтгаанаар хэрэглэгчдэд борлуулалт хийгээгүй, зарим салбараа хаасан нь тогтоогдсон байна. Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар бараа, ажил, үйлчилгээний хиймэл хомсдол үүсгэсэн” зөрчилд хамаарах эсэхийг үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн Архангай аймгийн Чулуут суманд үйл ажиллагаа явуулдаг “Оргих цогт ундарга” ХХК-ийн ШТС АИ-92 шатахууныг литрийг нь 4,500 төгрөгөөр борлуулж байгаа гэх гомдол, мэдээллийг хүлээн авч, зөрчлийн хэрэг нээн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.