Бодлогын хүү өссөнөөр зээлийн хүү нэмэгдэж, иргэдийн хэрэглээ хумигдан, бизнесийн үйл ажиллагаа саарах нөхцөл байдал үүсээд байна

Бодлогын хүү өссөнөөр зээлийн хүү нэмэгдэж, иргэдийн хэрэглээ хумигдан, бизнесийн үйл ажиллагаа саарах нөхцөл байдал үүсээд байна

Өнөөдөр намрын тэргүүн сарын шинийн 5. Найр наадмын төдийгүй өвлийн тэсгим хүйтэндээ бэлдэх их ажлын сар ийн эхэлж байна. Хичээл сургуулийн бэлтгэл, өвлийн идэш, дулаан хувцас гээд айл бүрийн өмнө мөнгө шаардсан олон ажил ар араасаа хөвөрч буй.

Харин өвлийн бэлтгэлээ хангах том үүрэгтэй ч өнөөдөр шатахууны дараалалд зогсож, маргаашийн хоолны мөнгөө арай ядан хүргэж буй “дайчиддаа” Монголбанк муу мэдээ дуулгалаа. Тодруулбал, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны наймдугаар сарын 12-ны өдрийн ээлжит бус хурлаар бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэх, банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг мөн 0.5 нэгж хувиар өсгөж, 14.5 хувьд хүргэх шийдвэр гаргав. Ингэснээр инфляцын хүлээлтийг тогтворжуулж, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлан, төгрөгийн өгөөжийг бодлогын зорилттой нийцүүлэх зорилготой хэмээн тайлбарласан юм.

- С.НАРАНЦОГТЫГ АЖЛАА АВАХАД 7 ХУВЬТАЙ БАЙСАН ИНФЛЯЦ ХОЁР ДАХИН ӨСӨЖ 13 ХУВЬД ХҮРЛЭЭ - 

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтыг ажлаа авах үед  7 хувьтай байсан инфляц өнгөрсөн сард 13.0 хувьд хүрч, бараг хоёр дахин өсөөд байна. Үүний дийлэнх хэсгийг шатахуун, хүнс, төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлж байна. Гэхдээ инфляцын өсөлтийг зөвхөн шатахуун, хүнсний үнийн өсөлтөөр тайлбарлах боломжгүй. Төсвийн хэт тэлэлт, төрийн зардлын өсөлт, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт зэрэг дотоодын хүчин зүйлс ч давхар нөлөөлж байна.

Ийнхүү үнэ нь өсөж, өрхийн амьдралын зардал нэмэгдсэн энэ үед Монголбанк инфляцыг тогтоон барихын тулд бодлогын хүүгээ дахин өсгөлөө. Харин бодлогын хүүгийн энэ өсөлт эдийн засгийн тоон үзүүлэлтээс гадна эцсийн дүндээ иргэдийн зээл, хэрэглээ, бизнесийн үйл ажиллагаанд хүрч, өрхийн амьдралд мэдрэгдэх юм. 

- ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДАРАМТАНД ОРНО - 

Төвбанк бодлогын хүүгээ өсгөснөөр зээл улам үнэтэй болно. Бодлогын хүү өсөх нь арилжааны банкуудын эх үүсвэрийн өртөгт нөлөөлж, улмаар зээлийн хүү өсөх дарамт үүсгэдэг. Ингэснээр иргэдийн орон сууц, хэрэглээний зээлийн төлбөр нэмэгдэхийн зэрэгцээ шинээр зээл авах өрхийн санхүүгийн боломж хумигдана. Өөрөөр хэлбэл инфляцыг бууруулахын тулд авч буй мөнгөний бодлогын арга хэмжээ нь нөгөө талдаа зээлтэй иргэдийн нуруун дээрх ачааг нэмж буй юм.

- ИРГЭДИЙН ХЭРЭГЛЭЭ ХУМИГДАНА - 

Зээлийн хүү өндөр болохын хэрээр иргэд томоохон худалдан авалтаа хойшлуулна. Орон сууц, автомашин, удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн авах эрэлт буурч, өрхийн хэрэглээ хумигдана. Ингэснээр зах зээл дэх нийт эрэлт буурна. Энэ нь Монголбанк инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээр дамжуулан бий болгохыг зорьж буй гол нөлөөллийн нэг юм. Гэвч эрэлт хумигдах нь зөвхөн үнийн өсөлтийг сааруулаад зогсохгүй бизнесийн борлуулалтад ч шууд нөлөөлөх юм. 

- БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХУМИГДАНА- 

Өндөр хүү зөвхөн зээлтэй иргэдэд биш, ажлын байр бий болгож, бизнес эрхэлж буй хүмүүст ч дарамт болно. Жижиг, дунд бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдад зээл олдохгүй болох эсвэл өндөр хүүтэй болох тул ажлын байр бий болгох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ тоног төхөөрөмж авах, хөрөнгө оруулалт хийх боломж нь хязгаарлагдана. Хэрэглээ хумигдаж, борлуулалт буурсан дээр нь санхүүжилтийн өртөг нэмэгдэхээр бизнес эрхлэгчдэд давхар дарамт ирнэ. Ингэснээр бизнесийн идэвх саарч, улмаар эдийн засгийн өсөлтөд ч сөргөөр нөлөөлнө.

 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө