Сэлэнгэ аймгийн ойд хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн ойд хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Хайлаасан ойд тархсан хайлаасны навчит цох (Ambrostoma quadriimpressum)-ны хэт олшролыг бууруулах, ойн хөнөөлийг багасгах зорилгоор хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхэлжээ.

Тэмцлийн ажлыг 2026 оны наймдугаар сарын 14-ний өдрөөс төлөвлөгөөний дагуу эхлүүлсэн бөгөөд Bacillus thuringiensis var. kurstaki (Btk) биологийн бэлдмэлийг ашиглан DJI AGRAS T40 дроноор цацалт хийж байна.Тус ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар “Монгол уулын ой” ХХК хэрэгжүүлж байгаа юм. Харин орон нутгийн хяналтыг Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, Сэлэнгэ бүсийн сум дундын ойн анги болон Зүүнбүрэн сумын байгаль хамгаалагчдын төлөөлөл хэрэгжүүлж байна.

Хайлаасны навчит цох хэт олширсноор модны навчийг гэмтээж, улмаар ойн эрүүл мэнд, экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймээс хөнөөлт шавжийн тархалт, олшролтыг хязгаарлах арга хэмжээ нь ойн эрүүл мэндийг хамгаалах, ойн тогтвортой менежментийг хангахад чухал ач холбогдолтой юм.