Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг тус үйлдвэрийн нэгдүгээр орлогч асан, Оросын иргэн И.В.Ройгийн боловсруулсан гэрээнд “хамтын шийдвэр гаргасан”-ыг үндэслэн гарын үсэг зурсан байхад эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан зэрэг хэргээр ганцааранг нь яллаж, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс түүнд 6 жил 9 сарын хорих ял оноосон талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тэгвэл анхан шатны шүүхээс түүнд ийнхүү ял оноохдоо “ажлын хэсгийн саналыг авалгүй” Ачит Ихт ХХК-тай гэрээ байгуулсан хэмээн буруутгасан байдаг. Гэтэл цагаан дээр хараар бичсэн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд “Хүн нь байвал хэрэг олдоно” гэдэг шиг зүйл Ц.Даваацэрэн гэдэг хүн дээр явагдсан юм биш биз гэх хардлага төрж байгаа юм.
-“АЧИТ ИХТ” ХХК 34 ХУВИА "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-Т ЭЗЭМШҮҮЛЭХ САНАЛ ГАРГАСАН ТУЛ ҮЙЛДВЭРИЙН ХЭЛТСҮҮДЭЭС БҮРДСЭН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖЭЭ-
Тодруулбал, “Ачит Ихт” компаниас “Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-тай 2010 онд байгуулсан гэрээний дагуу катодын зэс боловсруулах гидрометаллургийн үйлдвэр ашиглалтад орсон даруй гэрээгээ дүгнэж, уг гэрээний дагуу “Ачит Ихт компани 34 хувиа Эрдэнэт үйлдвэрт зэмшүүлж, үүнийгээ Улсын бүртгэлд бүртгүүлье. Мөн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах хоёр хүнийхээ нэрийг өгнө үү” гэсэн албан бичгийг 2014 оны наймдугаар сарын 08-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр”-т хүргүүлсэн байдаг.
Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ц.Даваацэрэн тухайн үед “Ачит Ихт” компанийн уг саналыг судалж, хариу өгөх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2014 оны 14 дүгээр тушаал гаргаж, “Ачит ихт” компанийн гидрометаллургийн үйлдвэрийн ТЭЗҮ-д үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хамтран ажиллах санал боловсруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүх цех, хэлтсүүдээс бүрдсэн Ажлын хэсгийг байгуулсан байгаа юм. Улмаар уг ажлын хэсэг үйлдвэрийнхээ Геологи-маркшейдрийн хэлтэс, Эдийн засаг, маркетингийн хэлтэс, Үйлдвэрлэлийн хэлтэс, Байгаль орчныг хамгаалах хэлтэс, Ерөнхий эрчим зүйн хэлтэс, Хүдрийн ил уурхай, Хуулийн хэлтэс, Санхүүгийн хэлтэс, Техникийн хэлтэс гээд бүх хэлтсүүдээсээ санал, зөвлөмж авсан байна.
-“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ХЭЛТСҮҮД “АЧИТ ИХТ”-ИЙН ТӨСӨЛ “ЭРСДЭЛТЭЙ” ГЭСЭН ҮЗСЭН ТУЛ АЖЛЫН ХЭСЭГ “АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ” БАЙГУУЛАН АЖИЛЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ-
Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Санхүүгийн хэлтсээс илрүүлсэн санал, зөвлөмжид “Ачит Ихт компанийн төслийн хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 4.2 жил байгаа боловч эхний 6 жилийн хугацаанд уг компани нь зээлийн эргэн төлөлттэй байх тул манай компанийн хувьд ашиггүй болж, Компанийн оролцооны түвшинг бууруулж байна. 2014 оны наймдугаар сарын байдлаар инфляцын түвшин 13.7 хувь байгаа ба ирэх жилүүдэд 15 хувь орчим байх таамаглал байгаа. Эндээс шилжсэн цэвэр ашиг буюу өнөөдрийн цэвэр үнэ 67.5 тэрбум төгрөгөөс 51.8-45.0 тэрбум төгрөг болж буурах магадлалтай.
Шинжилгээнээс харахад зэсийн үнэ 2000.0 доллар /фунт буюу 4960 доллар/ тн болтол унахад төслийн өнөөгийн цэвэр үнэ цэнэ сөрөг 12.16 тэрбум болтлоо өгөөжийн дотоод норм 6 хувь болтол багасч, төсөл үр ашиггүй болох тооцоо байна. “CRU strateg.es confider.tial” фирмийн гаргасан судалгаагаар 2018-2022 он дуустал зэсийн үнэ 4960 доллар/тн-оос бага байхаар бол энэ хугацаанд алдагдалтай ажилласаар байх уу, алдагдлыг даах чадвартай эсэх нь эргэлзээтэй байна” гэсэн санал, зөвлөмжийг өгсөн байгаа юм.
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Техникийн хэлтэс, “Ачит Ихт ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төсөл нь үйлдвэрийн балансын бус хүдрийг эдийн засгийн эргэлтэнд орууж орон нутагт ажлын байр нэмэгдүүлж бүс нутагт хөрөнгө оруулалт оруулж байгаа сайн талууд олон байгаа хэдий ч боловсруулсан ТЭЗҮ нь эдийн засгийн үр ашгийн тооцоолол бодит бус “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д бодит үр ашиг муу, эрсдэлтэй төсөл гэж дүгнэж байна” гэсэн санал, зөвлөмжийг өгчээ.
Энэ мэт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хэлтсүүдийн өгсөн санал, зөвлөмжид үндэслэн уг ажлын хэсэг;
- “Ачит ихт” компанийн катодын зэсийн үйлдвэрийн ТЭЗҮ нь үндэслэл муутай хийгдсэн эдийн засгийн эрсдэл өндөр байх магадлалтай “маш муу” төсөл.
- “Эрдэнэт үйлдвэр” нь технологийн үзүүлэлтийн эрсдэлийг хамтарч үүрэх шаардлагагүй,
- Энэ үйлдвэрийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” нь хувь эзэмшиж оролцох шаардлагагүй гэж үзжээ.
Харин “Ачит Ихт” компанитай цаашид “хамтран ажиллах” талаар “бүтээгдэхүүн хуваах гэрээ”, “34 хувь эзэмших”, “Хүдэр худалдах гэрээ”, “Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”, “Хамтран ажиллах гэрээ” гэсэн таван хувилбартай санал гаргаснаас Иргэний хуулийн дагуу “Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан ажиллах нь зүйтэй гэж ажлыг хэсэг үзээд 6 дугаар тоот дүгнэлтийг гаргасан байна.

Ингээд уг дүгнэлтэд ажлын хэсгийг төлөөлж Техникийн хэлтсийн дарга В.Өлзийхутаг, Ерөнхий захирлын зөвлөх Х.Владимир, Ерөнхий баяжуулагч Ж.Баатархүү, Ерөнхий эрчим зүйч Ш.Төрбат, Байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга О.Энхтуяа, Геологи-маркшейдрийн хэлтсийн дарга М.Дамдинсүрэн, Үйлдвэрлэлийн хэлтсийн ерөнхий уурхайчин Л.Мөнхтогтох, Техникийн хэлтсийн тэргүүлэх менежер М.Баясгалан, Хуулийн хэлтсийн хуульч Д.Батмагнай, Техникийн хэлтсийн хуульч Ж.Отгонбаяр, Техникийн хэлтсийн инженер-технологич Г.Батцэнгэл нар гарын үсэг зурж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу 6 дугаар тоот уг дүгнэлтийг баталсан байна.
Товчхондоо, Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн бүх хэлтсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, улмаар тухайн ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг үндэслэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэгдүгээр орлогч, Оросын иргэн И.В.Ройгийн боловсруулсан гэрээний төслийн дагуу хамтын шийдвэр гаргаж, “Ачит Ихт” ХХК-тай 2015 онд гэрээ байгуулсан байх аж.
-“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ГАРГАСАН ДҮГНЭЛТЭЭ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ҮЕЭР НОТОЛСОН Ч, ШҮҮХ Ц.ДАВААЦЭРЭНД ЯЛ ОНООЖЭЭ-
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хуралдааны үеэр шинжлэн судалсан гэрчүүдийн мэдүүлэгт ч дээр дурдсан баримтуудыг тодорхой дурдсан байдаг.
Тухайлбал, гэрч Б.Батжаргалсайхан “Зөвлөлийн 50 дугаар хурлаар Ачит Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмшинэ гэсэн гэрээг авч хэлэлцээд ийм гэрээ байгуулахыг дэмжээгүй. Тухайн үед зэсийн үнэ унасан байсан тул ийм гэрээ байгуулах нь үйлдвэрт ашиггүй гэж үзээд ийм гэрээ байгуулахыг Зөвлөлөөс дэмжээгүй. Тэгээд “Эрдэнэт үйлдвэр”-т Ажлын хэсэг байгуулж, саналаа танилцуул гэдэг үүрэг даалгаврыг өгч байсныг санаж байна” хэмээн мэдүүлсэн байгаа юм.
Мөн гэрч, Ажлын хэсгийн гишүүн, Техникийн хэлтсийн хуульч асан Ж.Отгонбаяр “Би Ачит Ихт ХХК-тай цаашид хамтарч ажиллах талаар холбогдох хууль тогтоомж, эрх зүйн орчныг судалж дүгнэлт, зөвлөмж гаргасан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн бага агуулгатай хүдрээс катодын зэс ялган авах ажлыг “Ачит ихт” компани өөрийн зардал, эрсдэлээр гүйцэтгэх ажлын хөлсийг үйлдвэрлэсэн катодын зэснээс суутган төлөх нөхцөлөөр Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасныг үндэслэн Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж хамтран ажиллах нь нэг талаас цаг хугацаа алдахгүй шийдвэрлэх, нөгөө талаас зах зээлийн үнийг тодорхойлоогүй байгаа хүдрийн овоолгыг бусдад шилжүүлэх хүдэр борлуулсан үндэслэлээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өндөр хувь хэмжээгээр төлөх, газрын асуудал гэх мэт эрсдэлтэй асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн боломжуудын нэг байна.
Үүнээс гадна ”Эрдэнэт үйлдвэр”-ийн бага агуулгатай болон исэлдсэн хүдрийн овоолго, хүдрийг хамтран ашиглахаар эрмэлзэж байгаа “Эрдмин” ХХК, “Ачит ихт” ХХК болон “Зэс эрдэнийн хувь” ХХК-тай хуулийн хүрээнд харилцан ашигтай, ижил тэгш нөхцөлтэйгөөр хамтран ажиллах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан нь үнэн. “Ачит ихт” компани 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр”-т эзэмшүүлэх, өөрсдөө 66 хувиа эзэмших гэрээний санал оруулж ирсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгтэй зөрчилдсөн санал байсан. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-т 34 хувийг эзэмших нь ашиггүй гэж үзсэн тул дээрх санал, дүгнэлтийг гаргаж байсан” хэмээн мэдүүлжээ.
Түүнчлэн гэрч, Ажлын хэсгийн гишүүн, Үйлдвэрлэлийн хэлтсийн ерөнхий уурхайчин асан Л.Мөнхтогтох, Ажлын хэсгийн гишүүн, Ерөнхий баяжуулагч асан Ж.Баатархүү нар “Эрдэнэт үйлдвэр нь “Ачит Ихт” компанийн барьсан үйлдвэр шиг үйлдвэрийг барихаар төлөвлөж ажиллаж байсан болохоор хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн. Хэрэв хувь эзэмшвэл 2 дугаар овоолгыг ашиглаад дуусвал нэмж овоолго өгөх болно гэж үзсэн” хэмээн мэдүүлсэн бол гэрч, Ажлын хэсгийн гишүүн, Техникийн хэлтсийн инженер-технологич асан Г.Батцэнгэл “34 хувийг эзэмших шаардлагагүй гэж манай ажлын хэсэг дүгнэсэн нь үнэн” гэдгээ гэрчилсэн байх аж.
Нэг үгээр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнгийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн өөрсдийн гаргасан санал, зөвлөмжийг ийнхүү мөрдөн шалгах ажиллагааны үеэр баталжээ.
Гэтэл Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болзошгүй нотлох баримт болох “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажлын хэсгийн дээрх дүгнэлтийг хянаж дүгнэхгүйгээр Ц.Даваацэрэнг буруутгаж, хорих ял оноов гэдэг асуулт өдгөө хариултаа нэхэж байна.
Үргэлжлэл бий…