АИ-95 автобензиний 14 хоногийн нөөц байна гэв

АИ-95 автобензиний 14 хоногийн нөөц байна гэв

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамжийн шуурхай штабын ээлжит хуралдаанаар шатахууны импорт, нөөц, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд есдүгээр сарын 28-ны байдлаар нийт 357 мянган тонн шатахуун импортолжээ. Үүнээс 157.3 мянган тонн нь АИ-92 автобензин, 188.5 мянган тонн нь дизель түлш, 11 мянган тонн нь онгоцны түлш байна. Одоогоор улсын хэмжээнд АИ-92 автобензин 120.5 мянган тонн буюу 10 хоногийн, дизель түлш 85.6 мянган тонн буюу 21 хоногийн, онгоцны түлш 14.67 мянган тонн буюу 23 хоногийн нөөцтэй байна. АИ-95 автобензиний нөөц 14 хоногийн хэмжээнд байгаа аж.

Есдүгээр сарын 28-нд Улаанбаатарын 168 ШТС-д 1848 тонн, орон нутгийн 78 ШТС-д 1002 тонн АИ-92 нийлүүлжээ. Мөн БНХАУ-аас таван мянган тонн АИ-92 импортолж, Замын-Үүдээр шилжүүлэн ачиж, дотоодын зах зээлд нийлүүлж эхэлсэн байна. Харин ОХУ-аас захиалсан 115 мянган тонн АИ-92 Монголын хилээр хараахан орж ирээгүй, ОХУ-ын үйлдвэр болон төмөр замд ачилт хийгдэж байгаа аж. Түүнчлэн шатахуун тээвэрлэж буй вагон-цистерний эргэлт удааширч, Улаанбаатарын төмөр замд 12 мянга орчим вагон байгаа нь нийлүүлэлтэд тодорхой хүндрэл үүсгэж байна.  Агуулахын нөөц бүрэн бүрдээгүйгээс төмөр замаар орж ирсэн шатахууныг буулмагц ШТС-үүдэд шууд түгээж байгаа нь зарим станцад түр хугацаанд тасалдал, дараалал үүсэх шалтгаан болж байгааг штабын зүгээс мэдээллээ.