Эхнэрийг нь барьцаалж, нөхрөөс нь 1.3 тэрбумыг шаардсан этгээдүүдэд холбогдох хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн шалгаж эхэлжээ

Эхнэрийг нь барьцаалж, нөхрөөс нь 1.3 тэрбумыг шаардсан этгээдүүдэд холбогдох хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн шалгаж эхэлжээ

Эхнэрт нь хутга тулган барьцаалж, нөхрөөс нь 1.3 тэрбум төгрөг авахыг завдсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байгаа. 

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаагийн байгууллагад “манай хоёр дүүг барьцаалсан байж болзошгүй” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд уг дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 28-29 насны бүлэг этгээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 46 настай эмэгтэйд хутга тулган заналхийлж, нөхрөөс нь 300 мянган ам доллар, 1.3 тэрбум төгрөг авахаар завдсан нь тогтоогдсон байдаг. 

Тэгвэл тус хэргийг өдгөө Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн шалгаж эхэлсэн байна. Мөн дээрх хэргийг үйлдсэн этгээдүүдийг яллагдагчаар татан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа аж. 

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн этгээдүүд эхнэрийг нь барьцаалсан тул нөхөр нь эхнэрээ суллахаар өөрт байсан мөнгөн дээрээ бусдаас мөнгө зээлэн авч, нийт 300 мянган ам.доллар, 300 мянган юань бэлтгэсэн байсан гэх мэдээлэл байгаа юм. Харин уг хэрэг явдлын талаар хохирогчдын ар гэр мэдэж, цагдаагийн байгууллагад хандсанаар энэ хэргийг таслан зогсоож, хүн барьцаалсан, сүрдүүлсэн этгээдүүдийг илрүүлэн, баривчилсан байна. 

Хохирогч иргэд хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс байсан гэх мэдээлэл байгаа юм. Харин тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд ямар учраас хохирогчдоос их хэмжээний мөнгө нэхэж, эхнэрийг нь барьцаалсан зэрэг асуудлыг тодруулахаар хуулийн байгууллага ажиллаж байгаа аж.