Эрдэнэт хот түүхт 50 жилийн ойгоо хэдхэн хоногийн өмнө ёслол хүндэтгэлтэйгээр өргөн дэлгэр тэмдэглэлээ. Эрдэнэтийн овоог түшиглэн сүндэрлэсэн Эрдэнэт хотын түүхийг "Эрдэнэт үйлдвэр"-гүйгээр салгаж ойлгох аргагүй тул 50 жилийн ойн арга хэмжээний хүндэт зочдын дийлэнх нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн үе, үеийн удирдлагууд байв. Харин тэдний дунд амьд сэрүүн ч, алдар гавьяатай цөөхөн хүн байгаагүйн нэг нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэн.
-ХҮН БАЙВАЛ ХЭРЭГ НЬ ОЛДОНО-
Тэрбээр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унасан он жилүүдэд буюу 2013-2016 оны хугацаанд Монгол, Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр" ХХК гэх их айлыг гал алдуулахгүй удирдаж, улс, орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, хамтарсан үйлдвэр түүхэндээ анх удаа 640 цооног тэсэлж, баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг ашиглалтад оруулсан гээд олон гавьяаны эзэн юм. Гэтэл Монгол, Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн захирал асан Ц.Даваацэрэнд Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяраас хэдхэн хоногийн өмнө Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 6 жил 9 сарын хорих ял оноосон.
Ингэхдээ, түүнийг Япон, Австрали болон Английн компаниудын үр ашиггүй гээд голоод, хаяад явсан "Эрдэнэт үйлдвэр"-ийн балансын бус хоёрдугаар овоолго дээр үйл ажиллагаа явуулахаар 2010 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийн "Ачит Ихт" компанитай байгуулсан гэрээг үргэлжлүүлж байгуулахдаа гэрээний нөхцөлийг дордуулсан, "Эрдэнэт медикал" эмнэлгийг "Медипас" ХХК-д шилжүүлэн өгч, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргүүдээр ял оноосон байдаг.
Ц.Даваацэрэнд холбогдох хэргийн шүүх хурал олон өдөр нээлттэй явагдсанаар эл хэргийн талаар иргэд багагүй ойлголттой болж, эцэст нь түүнийг "Эзэн нь байвал хэрэг нь олддог" гэдэг шиг хуулийн байгууллагаас яллаж, дотоодын аж ахуй нэгжийг их хэмжээний төлбөрт унагасан юм биш биз гэх хардлагатай үлдсэн нь нууц биш. Тиймээс бид Ц.Даваацэрэнд холбогдох хэргийн шүүх хурлын үеэр хэлэлцэгдсэн "Үнэн"-ийг эрэлхийлэв.
- “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН АЖЛЫН ХЭСЭГТ “ГОЛОГДСОН НЬ”-
Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК байх үед тус үйлдвэрийн зөвлөл /Совета/-ийн шийдвэрээр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн нөөц дууссаны дараа тус үйлдвэр балансын дөрвөн овоолгоо өөрсдөө ашиглаж, харин үлдсэн балансын бус таван овоолго дээрээ хувийн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар болсон байдаг.
Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлийн энэхүү бодлогын хүрээнд "Ачит Ихт" компани уг үйлдвэрийн балансын бус хоёрдугаар овоолгоос катодын зэс гарган авах хамгийн сүүлийн үеийн өндөр технологи бүхий гидрометаллургийн үйлдвэрийг өөрсдийн 100 хувийн санхүүжилтээр барих, эрсдэлтэй шийдвэрийг гаргаж 2010 онд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн захирал Ч.Ганзоригтой гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээгээр "Эрдэнэт үйлдвэр” ХХК балансын бус хоёрдугаар овоолгыг ашиглуулж, төсөл амжилттай хэрэгжих юм бол "Ачит ихт" компанийн 34 хувийг үнэ төлбөргүй эзэмшихээр тохиролцсон байгаа юм.
Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзориг, “Ашигтай бол бид нар үүнийг хийнэ шүү дээ. Англи болон Австраличуудын хаяад явсан юмыг яах юм бэ, насан туршдаа надад гомдоно шүү” гэж Ачит Ихт компанийханд хэлж байсан гэдэг.
Харин “Ачит Ихт” компани катодын зэс гарган авах гидрометаллургийн үйлдвэрийг Монгол, Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иас “нэг ч төгрөг авахгүйгээр” зөвхөн өөрийн хөрөнгө болон арилжааны банкны өндөр хүүтэй зээл, гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэн барьж, 2014 оны долдугаар сараас эхлэн үйлдвэрийг туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн байдаг. Ингээд энэ ондоо “Ачит ихт" компани 2010 оны “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай байгуулсан гэрээ ёсоор “компанийнхаа 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр”-т эзэмшүүлэн, хамтарсан компаниа Улсын бүртгэлд бүртгүүлж, Төлөөлөн удирдах зөвлөлд хоёр гишүүнийхээ нэрийг ирүүлэх тухай албан бичгийг "Эрдэнэт үйлдвэр"-т хүргүүлсэн байдаг.
Гэтэл Монгол, Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр" ХХК “Ачит ихт” компанийн дээрх саналыг судлах, 2010 онд байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэх зорилготой ажлын хэсэг байгуулж ажилласан байгаа юм.
Ингээд уг ажлын хэсэг “Ачит ихт” компанийн катодын зэсийн үйлдвэрийн ТЭЗҮ нь үндэслэл муутай хийгдсэн, санхүү, эдийн засгийн хувьд эрсдэл өндөртэй, технологийн үзүүлэлтийн эрсдэлийг "Эрдэнэт үйлдвэр" үүрэх шаардлагагүй гэж дүгнээд хамтарсан компани байгуулж, 34 хувийн хувьцааг эзэмших шаардлагагүй гэж үзээд "Ачит ихт" компанитай Иргэний хуулийн дагуу хамтран ажиллах гэрээ байгуулах нь зүйтэй гэсэн санал дүгнэлтийг танилцуулсан байгаа юм.
-“АЧИТ ИХТ” КОМПАНИЙН 34 ХУВИЙГ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т ЭЗЭМШҮҮЛЭХИЙГ Ц.ДАВААЦЭРЭН “ЭРМЭЛЗЭЖ” БАЙЖЭЭ-
Харин "Ачит Ихт" компанитай дахин гэрээ байгуулах ажлыг Монгол, Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн нэгдүгээр орлогч, ОХУ-ын иргэн И.В.Рой удирдан, гэрээний төслийг боловсруулж эхэлсэн байгаа юм.
Учир нь "Ачит ихт" компанитай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн байгуулсан “хүчингүй” гэгддэг 2013 оны гэрээг Ц.Даваацэрэн нь байгуулахдаа "Эрдэнэт үйлдвэр"-ийн тухайн үеийн нэгдүгээр орлогч, ОХУ-ын иргэн А.П.Поменко гэдэг хүнтэй ярьж шийдвэр гаргаж байсан гэдэг бөгөөд уг гэрээгээр “Ачит ихт” компанийн 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр” эзэмшихээр тэд гэрээлснээс болж, Оросын тал А.П.Поменког 2013 оны сүүлчээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд И.В.Ройг 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр томилсон байгаа юм. Энэ талаар Ц.Даваацэрэн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлэгтээ дурдаж, “би Ачит ихт компанийн 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр”-т эзэмшүүлэхийг эрмэлзэж байсан ч, оросууд монгол компанийн 34 хувийг эзэмшихээс татгалзаж байсан” хэмээн мэдүүлдэг.
Харин Ц.Даваацэрэн оросуудаар өөрсдөөр нь санал боловсруулах чиглэлийг барьж, ОХУ-ын төрийн өмчит Ростехнологи компанид цэргийн цолтой ажиллаж байсан, хуульч гэдэг утгаар нь Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэгдүгээр орлогч И.В.Ройгоор "Ачит Ихт" компанитай байгуулах гэрээний ажлыг удирдуулсан байгаа юм.
-“АЧИТ ИХТ” КОМПАНИЙН 34 ХУВИЙГ ЭЗЭМШИХГҮЙ” ГЭСЭН ОРОСУУДЫН СОНИРХЛЫГ И.В.РОЙ ХЭРЭГЖҮҮЛЖЭЭ-
Харин тухайн үед "Эрдэнэт үйлдвэр"-ийг барьцаалаад гаднын банкнаас зээл авсан байсан Стандарт банкны асуудал дуулиан тарьж байсан тул Оросууд "Ачит Ихт" компанийн 34 хувийг үнэгүй авсан ч ялгаагүй үйлдвэр барьсан банкны зээлийн өрөнд адилхан орно гэх хатуу байр суурьтай байсан аж.
Нөгөөтэй “Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын болон балансын бус овоолгуудыг оросууд монголын дотоодын компаниудтай хамтарч ашиглахгүйгээр, ирээдүйд дангаараа ашиглах зорилготой байсан байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК “Ачит Ихт” компанийн 34 хувийг эзэмшсэн тохиолдолд ирээдүйд бусад овоолгыг ч хамтарч ашиглах нөхцөл бүрдэх тул “энэ санаагаа ил хэлдэггүй” байсан байж болзошгүй байгаа юм.
Ингээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажлын хэсгийн дүгнэлт зэргийг харгалзан үзээд "Эрдэнэт үйлдвэр"-ийн балансын бус хоёрдугаар овоолго дээр ажиллах "Ачит Ихт" компанийн 34 хувийг эзэмшихгүйгээр борлуулалтын орлогоос нь “өсөн нэмэгдэх хувиар” 2 хувийн рояалти авах гэрээний төслийг Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэгдүгээр орлогч И.В.Рой боловсруулж, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Алтанхуяг, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу, Хуулийн хэлтсийн дарга А.Цэрэнсодном нар зөвшөөрч, улмаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн гэрээнд гарын үсэг зуржээ.
Товчхондоо, "Ачит Ихт" компанийн 34 хувийг эзэмшихгүй гэсэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьцаа эзэмшигч оросуудын далд хүсэл сонирхлыг "Эрдэнэт үйлдвэр"-ийн нэгдүгээр орлогч асан И.В.Рой хэрэгжүүлсэн байгаа юм. Энэ талаар 2015 оны гэрээг байгуулах ажлыг ахалж байсан И.В.Рой "Ачит Ихт" компанид и-мэйл бичиж байсан талаарх баримт байдаг аж.
-ОХУ-ЫН ИРГЭН И.В.РОЙГ ШАЛГАХГҮЙ Ц.ДАВААЦЭРЭНД ЯЛ ОНООВ-
Гэтэл монголын хуулийн байгууллагаас дээрх гэрээг байгуулснаас 11 жилийн дараа "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн захирал асан Ц.Даваацэрэнг ганцааранг нь буруутган 6.9 жилийн хорих ял оноосон.
Хачирхалтай нь, анхан шатны шүүхээс Монгол, Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн нэгдүгээр орлогч асан И.В.Рой болон гэрээ байгуулахад оролцсон хүмүүсийн үйлдэл, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй зөвлөлийн гишүүдийн үйлдлийг хуульд заасан хугацаанд шалгаагүй, “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” байна хэмээн дүгнэсэн байх аж. Мөн уг хэрэгт ОХУ-ын иргэн И.В.Ройг дуудаж, нэг ч удаа тайлбар мэдүүлэг аваагүй гэдгийг талууд тодотгож байжээ.
Үүнээс үзэхэд, мөрдөгч татварын байцаагч нарыг эл хэрэгт шинжээчээр томилж, хохирлын хэмжээ гээчийг тогтоолгох байдлаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнг буруутгаж, шүүхээс түүнд ял оногдуулаад “34 хувиа үнэ төлбөргүй эзэмшүүлэх”-ээр 2014 оноос хойш хөөцөлдөж буй “Ачит Ихт” компанийг ч 110 тэрбум төгрөгийн төлбөрт унагаасан уу гэх хардлага шүүх хурлын дараа асуулт болж үлдсэн юм.
Мөн Ц.Даваацэрэнг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирлын ажлаа өгснөөс хойш буюу 2017-2024 оны хооронд “Эрдэнэт үйлдвэр”-т их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн нь анхаарал татдаг. Учир нь энэ хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар Х.Бадамсүрэн, Г.Ёндон нар ажилласан байдаг. Товчхондоо, Х.Бадамсүрэн, Г.Ёндон нарт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит Ихт” компанийн хооронд байгуулсан гэрээг өөрчлөх эрх, боломж бүрэн байсан байдаг. Ийн өгүүлэхийн учир нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэн нарын байгуулсан 2015 оны гэрээний 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Гэрээний зүйл заалтыг Монгол Улсын Иргэний хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тайлбарлана". Мөн тус гэрээний 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно" гэж тус тус заасан байх бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасан байгаа юм.
“Ачит Итх” компани” Эрдэнэт үйлдвэр”-т “34 хувиа үнэ төлбөргүй эзэмшүүлэх”-ээр 2014 оноос хойш сүүлийн 16 жил хөөцөлдөж, 13 удаа албан бичгийг хүргүүлсэн ч үйлдвэрийн удирдлага болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг холбогдох төрийн байгууллагууд энэ хугацаанд ямар ч шийдвэр гаргахгүй явсаар эцэст нь шүүх “Ачит Ихт” компанийг их хэмжээний төлбөрт унагаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэн энэ бүхний “ял”-ыг үүрэх болсон байгаа юм. Бид энэ удаад “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч асан, Оросын иргэн И.В.Ройгийн боловсруулсан гэрээг байгуулсан "ял"-ыг Ц.Даваацэрэн "үүрсэн" байж болзошгүй талаарх шүүх хурлын үеэр хэлэлцэгдсэн мэдээллийг тоймлон хүргэлээ.
Үргэлжлэл бий…