Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Хятадын эрдэмтэд задгай тэнгист 10 метрийн гүнд ажилладаг дэлхийд анхны усан доорх нарны цахилгаан станцыг зохион бүтээж, амжилттай туршсан тухай "South China Morning Post" сонинд мэдээлжээ. 

Ийм систем нь усан доорх үйл ажиллагааг эрчим хүчээр хангах цоо шинэ боломжуудыг нээж өгөх ажээ. Уг цахилгаан станцыг Юньнанийн их сургуулийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг зохион бүтээжээ. Эрдэмтэд усан доорх нарны цахилгаан үүсгүүрийн системд хагас дамжуулагч материалын нэг төрөл болох перовскит бүтэцтэй хар тугалганы галогенидод суурилсан фотоэлектрик системийг ашигласан байна. 10 метрийн гүнд байрлуулсан уг төхөөрөмж нь аккумляторыг цэнэглэж, гэрэл ялгаруулах диод бүхий хавтанг эрчим хүчээр хангасан нь далайн хөх, ногоон бүдэг орчинд нарны эрчим хүчийг гарган авах боломжтойг харуулжээ. 

“Өмнө нь боловсруулсан усан доорх нарны зай хураагуурын системүүдийг маш бага, хоёр метрээс илүүгүй гүнд ашиглахаар тооцоолж байсан нь бодит ашиглалтын нөхцөлөөс хол зөрүүтэй байв. Харин энэхүү туршилтаар анх удаа нарны зайн бүрдэл хэсгүүдийг бодит орчинд 10 метр хүртэлх гүнд ажиллуулах боломжтой гэдгийг харууллаа” гэж Юньнанийн их сургуулийн эрдэмтэн Вэньхуа Жан ярьжээ. Энэхүү технологийг усан доор байрлуулах мэдрэгч, илрүүлэгч, камер, харилцаа холбооны системүүд мөн усан доор ажиллах роботууд, төхөөрөмжүүдийг эрчим хүчээр тэжээх эх үүсвэр болгон ашиглах боломжтой гэж зохион бүтээгчид үзэж байна.