Дэлхийд тархсан нийт 28 зүйлийн шонхрын овгоос манай улсад нийт 10 зүйл шонхор зуны улиралд нутагшдаг. Монгол Улсын Засгийн газар 1993 оноос эхлэн эдийн засаг, найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Арабын орнуудын дээд хэмжээний төлөөлөгчдийн хүсэлтийг харгалзан, гэрээний дагуу тодорхой тооны зөвхөн идлэг шонхрыг гадаадад гаргадаг болсон.
-ШОНХОР ШУВУУ НҮҮДЛИЙН ШУВУУ БӨГӨӨД ЗӨВХӨН МОНГОЛД БАЙДАГ ШУВУУ БИШ-
Тодруулбал, идлэг шонхор, цагаан шонхор, начин шонхор, зээрд шонхор, амарын шонхор, турамтайн шонхор, эгэл шонхор, хайргууна шонхор, шилийн шонхор гэх мэт нэрлэж болно. Эдгээрээс идлэг, цагаан, начин, зээрд, амарын шонхорууд манай оронд түгээмэл үзэгддэг аж.
Монголчуудын хувьд шонхор шувууг зөвхөн Монгол Улсад байдаг шувуу гэдэг буруу ойлголт түгээмэл байдаг. Гэтэл шонхор шувуу бол зөвхөн Монголд байдаг биш нүүдлийн шувуу юм.
Монголын шувуу судлаачид 2019 оны зургаадугаар сард Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз голын эрэгт Бургасанд үүрлэсэн идлэг шонхрын хоёр ангаахайд сансрын дамжуулагч зүүж, нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь тандсан судалгаа байдаг. Тус судалгаанд оролцсон “Улз”, “Чух” хэмээх нэртэй хоёр ангаахай найман сарын эхээр үржлийн нутгаа орхин нүүж эхлэсэн.
Харамсалтай нь “Улз” нь нүүдлийн үедээ Мэнэнгийн талд Дачин Тамсагийн газрын тосны 19-р талбайн өндөр хүчдэлийн шон дээр суух үедээ хүчдэлд цохиулан эндэж байжээ.
Харин “Чух” гэх ангаахай Хэнтийн уулархаг нутгаар дайрч Завхан аймаг, Төвөдийн нийслэл Лхас, Хятадын Хөх нуур хэмээх Цинхай аймгийн нутагт очин 5 сар байршиж өвөлжсөн байдаг. Ийнхүү “Чух” хаврын нүүдлээ 2020 оны дөрөвдүгээр сарын 2-нд эхлүүлж, өвөлжсөн нутгаасаа чанх хойд зүгт 1000 км нисээд Өвөрхангай аймгийн нутагт ирж, тэндээсээ Төв аймгийн Алтанбулагаар дамжин дахин Хэнтийн уулархаг муж дээгүүр нисэж 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд Дорнод аймгийн Дашбалбар иржээ. Ирсэн даруйдаа хойш Оросын Тарь нуур ороод буцаж Хятадын Далай нуураар дайран Буйр нуурт 2019 оны тавдугаар сарын 21-нд ирж байжээ. Энэ мэтчилэн шонхор шувууны хувьд нүүдлийн шувуудтай адилаар нүүдэллэн амьдардаг.

-БИД АРАБЫН ОРНУУДТАЙ НАЙРСАГ ХАРИЛЦААНЫ ҮР ДҮНД ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛТТЭЙ ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ АВЧ БАЙСАН-
Мөн Манай орны нийт нутаг дэвсгэрийн 706,015 км2 /45%/ талбайд идлэг шонхор тархах боломжтойг амьдрах орчны загварчлалын дүнд тогтоосон. Манай орны идлэг шонхрын популяцын хэмжээг тархах боломжтой нийт нутаг дэвсгэрт шилжүүлэн тооцвол дунджаар 8,600-9200 бодгалийн нөөцтэй бөгөөд нийт нөөцийн 22 орчим хувийг залуу шувууд эзэлдэг.
Идлэг шонхрын нийт популяцид эзлэх залуу бодгаль, нөхөн үржлийн эрчим болон өмнөх ашиглаж байсан тоог харгалзан үзвэл нийт нөөцөөс 350 орчим бодгаль барьж ашиглах боломжтой гэсэн олон улсын судалгаа байдаг.

Өөрөөр хэлбэл жилд 350 шонхор гадагшаа гаргахад шонхор шувуу ховордож, цөөрнө гэсэн зүйл байхгүй гэсэн үг аж. Харин бид жилд 350 орчим шонхрыг Арабын орнууд руу гаргаж найрсаг харилцаагаа бататгасны үр дүнд Кувейтийн сангаас авто зам, усан цахилгаан станц, Түлэнхийн төв барих, Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авч байсан юм. Энэхүү Кувейтийн Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийг Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 415 км авто зам, Тайширын усан цахилгаан станцыг барихад ашигласан. Мөн буцалтгүй тусламжаар нь Монгол-Кувейтийн судалгааны төв болон Түлэнхийн төвийг барьсан байдаг.
-МОНГОЛЧУУД ШОНХРЫН ЭКСПОРТОО ЗОГСООВОЛ ОРОСЫН "КАМЧАТКЫН ШОНХРЫН ТӨВ" ДЭХ ҮРЖҮҮЛГИЙН ШОНХРУУДЫН ҮНЭ ӨСНӨ-
Энэ мэтчилэн бидний "Шонхор бол зөвхөн манай улсын шувуу" гэх буруу ойлголт дээр тулгуурлан зарим нэг хүмүүс гадны санхүүжилтээр тэмцэл, жагсаал өрнүүлдэг байж магадгүй байгаа юм. Тодруулбал, хэдэн жилийн өмнө тэмцэгч Б.Цэгмидийн нэгэн хүнтэй утсаар ярьж буй яриа олон нийтийн сүлжээнд цацагдаж байсан. Тус яриандаа, "Наад Ивандаа энэ бол маш эрсдэл дагуулсан ажил гэж хэл. Нийгэм яаж ч хүлээж авч магадгүй. Арабуудын асуудал хэцүү. Мөн жагсаал цуглаан хийх ёстой гэж шаардаад байгаа юм чинь өмнө нь авч байсан мөнгөнөөсөө одоо 2,3 дахин ихийг авмаар байна" гэж ярьсан байдаг. Түүний хувьд шонхор шувууг хамгаалах ёстой гээд олон удаагийн лайв хийж байсны араас тус бичлэг цацагдсанаар ямар зорилгоор лайв хийсэн нь ил болсон юм.
Харин одоо үед Б.Цэгмид дараагийн хувилбар уу гэлтэй хүн гарч ирээд байгаа нь Н.Эрдэнэ юм. Түүний хувьд өөрийн цахим хуудасдаа 10 орчим хоногийн өмнөөс өдөр, шөнөгүй богино бичлэг болон лайв хийх болсон. Өөрийн 10 орчим хоногийн цаг заваа идэвхийлэн гаргаж, өдөр шөнөгүй лайв, бичлэг хийн тэмцэж байгаа Н.Эрдэнийн хувьд Б.Цэгмидийн адил Оросуудаас санхүүжилт авсан байхыг үгүйсгэхгүй.
Тэгвэл эдгээр тэмцэгчдийг хэн, ямар зорилгоор санхүүжүүлээд байгаа нь ОХУ-д байдаг "Камчаткын шонхрын төв" холбоотой байх магадлалтай. Энэхүү шонхрын төвд 1000 гаруй шонхор шувууг үржүүлэх боломжтой бөгөөд шонхрын зах зээлд эргэлддэг хөрөнгийг ОХУ руу татах зорилготой байсан. Гэтэл шонхор шувууг өндөр үнээр авдаг Арабын улсуудын хувьд ОХУ-д үржүүлсэн шонхроос Монгол, Казакстан зэрэг улсуудаас зэрлэг шонхор шувуудыг илүүд үзэж байгаа учраас тус үржүүлгийн төв зогсонги байдалд орсон аж.

Хэрэв Монгол Улс Арабын улсуудад шонхор шувууг гаргахаа болих юм бол дараагийн шонхрын худалдааны цэг нь Оросууд байх учраас тэмцэгч Б.Цэгмид, Н.Эрдэнэ зэргийг санхүүжүүлж, иргэдийн буруу ойлголтыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлдэг байх магадлалтай.
Гэвч манай улсын хувьд жилд 350 орчим шонхрыг гадагш гаргадаг бол энэ тооноос хэд ахин илүү буюу 800-2000 орчим шонхор тогны шон, утас дээр сууж тогон цохиулж үхдэг гэсэн судалгаа байдаг. Хэрэв үнэхээр эдгээр тэмцэгчид шонхор шувууг хайрлан хамгаалах чин сэтгэлтэй байсан бол хамгийн түрүүнд шонхор шувуунд ээлтэй дэд бүтэцтэй болгохыг аймаг, сумдаас шаардах байсан биз ээ.
Дашрамд дурдахад, Шонхор бол зөвхөн манай улсын шувуу биш. Монгол Улс жилд хэдэн шонхрыг гадагш гаргахыг дур мэдэн шийддэггүй бөгөөд олон улсын конвэнцын зөвлөмжийн дагуу Монгол Улсын газар нутгаас тээвэрлэх шонхрын тоог гаргаж өгдөг аж. Мөн шонхрыг барьсан тухайн орон нутагтаа экологийн үнэлгээний дагуу нэг шонхорт 26 сая төгрөгийн хураамжийг төлдөг. Жишээлбэл, Өвөрхангай аймгийн газар нутгаас хоёр шонхор барьвал 52 сая төгрөгийг Өвөрхангай аймагт тушаадаг гэсэн үг. Харин зүй ёсоор бол энэхүү мөнгөөр шонхор шувууг хамгийн их хорогдуулаад байгаа тогны утас болон шонгийн асуудлыг шийдэх ёстой ч тогноос бол үхэж байгаа шонхрын тоо цөөрөхгүй байна.