Инкубаторын тасалгааны хаалга нээгдэхэд үл ялиг бүлээхэн агаар нүүр өөд үлээнэ. Өрөөний буланд эгнүүлэн байрлуулсан инкубаторын дунд ердөө хоёрхон хоногийн өмнө өндгөө цөмлөж гарсан бяцхан амьтан алхахыг хичээнэ. Атгасан гарын дайтай биетэй, 20 орчим сантиметр өндөр энэ дэгдээхэй бол Монголд өндөгөөрөө импортоор орж ирээд амжилттай бойжин хагарсан анхны тэмээн хяруул юм.
ВИДЕО:
-48 ХОНОГИЙН ӨМНӨ ОХУ-ААС ЗУРГААН ШИРХЭГ ТЭМЭЭН ХЯРУУЛЫН ӨНДӨГ АВЧ ИРСНИЙ НЭГ НЬ ДЭГДЭЭХЭЙ БОЛЖЭЭ-
Бидний өмнө нь сурвалжилж байсан “Солонгон өд” үржүүлгийн газрын үүсгэн байгуулагч Э.Жаргал энэ удаа бөднө шувуунаас гадна дэлхийн хамгийн том шувууг Монголд бойжуулах шинэ алхмаа амжилттай эхлүүлжээ. Тодруулбал, Тэрбээр 48 хоногийн өмнө ОХУ-аас зургаан ширхэг тэмээн хяруулын өндөг импортлон авчирсан байна. Өндгүүдийг зориулалтын инкубаторт 45 хоног бойжуулсны эцэст нэг өндөг амжилттай хагарч, эрүүл дэгдээхэй гарчээ. Монгол Улсад өмнө нь амьд тэмээн хяруул импортлон оруулж ирж байсан ч өндөгөөр нь оруулж ирээд эх оронд нь инкубац хийж дэгдээхэй бойжуулсан тохиолдол байхгүй байсан бол энэ үйл явдал анхных билээ.
"Өнгөрсөн жил мөн 30 орчим тэмээн хяруулын өндөг авчирч туршсан ч нэг нь ч амжилттай хагарч дэгдээхэй болоогүй. Энэ ганц дэгдээхэй өмнөх бүх оролдлогын үр дүн байлаа" хэмээн Э.Жаргал ярив.
Тэмээн хяруулын өндөг энгийн шувууныхаас эрс ялгаатай. Дунджаар 1.2-1.8 килограмм жинтэй, нэг өндөг нь 20 гаруй тахианы өндөгтэй тэнцэх хэмжээний агууламжтай байдаг. Хатуу, зузаан хальстай учраас байгаль дээр ч амархан гэмтдэггүй. Харин инкубаторт бойжуулах ажил тун нарийн дэгтэй. Өндгийг 45 орчим хоногийн турш тогтмол дулаан, чийгтэй орчинд хадгалахаас гадна өдөр бүр 4-6 удаа эргүүлдэг байна. Ингэснээр үр хөврөл хальсандаа наалдахгүй, жигд хөгжих нөхцөл бүрддэг аж. Өндөг хагарах мөч хамгийн чухал үе. Дэгдээхэйд гаднаас нь туслахгүйгээр өөрийн хүчээр хальсаа цөмлөн гарах ёстой гэнэ. Энэ үйл явц заримдаа бүтэн нэг хоног үргэлжилдэг бөгөөд яаран өндгийг хагалах гэж оролдвол амь насанд нь эрсдэл учруулдаг талаар Э.Жаргал онцолсон юм.

-ШУВУУ ҮРЖҮҮЛЭГЧ Э.ЖАРГАЛЫН ЗОРИЛГО ЗӨВХӨН НЭГ ТЭМЭЭН ХЯРУУЛ БОЙЖУУЛАХ БУС, ЦААШИД МОНГОЛЫН НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ СУДАЛЖ, СҮРГЭЭ ӨСГӨХ-
Хоёрхон хоногтой энэ дэгдээхэй хэдийнэ бие даан алхаж, орчноо сонирхон. Байгаль дээр тэмээн хяруулын дэгдээхэй өндөгнөөс гарсныхаа дараахан сүргээ даган явдаг учраас хурдан хөл дээрээ тогтдог онцлогтой аж. Одоогоор түүний үндсэн хоол нь үр тариа, ногооны үлдэгдэл, эрдэс, аминдэмээр баяжуулсан тусгай тэжээл. Нас ахихын хэрээр өвс, ургамал, үр, жимс, шавж зэрэг олон төрлийн тэжээл иддэг болох юм байна. Тэмээн хяруул нь Африк тивийн хуурай, дулаан бүс нутгаас гаралтай бөгөөд өнөөдөр дэлхийн олон оронд аж ахуйн зориулалтаар үржүүлдэг. Нас бие гүйцсэн үедээ 2-2.5 метр орчим өндөр, 90-150 килограмм жинтэй болдог. Далавчтай ч нисэж чаддаггүй бөгөөд оронд нь хүчирхэг хоёр хөлөөрөө цагт 70 километр хүртэл хурдалж гүйх чадвартай. Том биетэй атлаа нүд нь таван сантиметр орчим диаметртэй, хуурай бүсийн алсыг харахад зохицсон хараатай шувуу юм. Мөн 40-50 жил наслах боломжтой бөгөөд эмэгчин нь үржил шимийн үед жилдээ хэдэн арван өндөг гаргах чадвартай. Иймээс дэлхийн олон оронд мах, арьс, өд, өндөгний зориулалтаар өсгөдөг аж.

Шувуу үржүүлэгч Э.Жаргалын зорилго зөвхөн нэг тэмээн хяруул бойжуулах бус, цаашид Монголын нөхцөлд үржүүлэх боломжийг судалж, сүргээ өсгөх гэнэ дээ. “Гаднаас дахин зургаан ширхэг тэмээн хяруулын өндөг захисан байгаа. Одоо бол зургаан өндөгнөөс дор хаяж гурвыг нь амжилттай дэгдээхэй болгож чадна” хэмээн итгэл төгс ярьж байв. Өнөөдөр инкубатороос гарсан бяцхан дэгдээхэй ердөө атгасан гарын хэмжээтэй, 20 орчим сантиметр өндөртэй харагдавч хоёр жилийн дараа хүний өндөр давсан аварга биетэй шувуу болон өснө. Нэгхэн өндөг амжилттай хагарсан нь тооны хувьд бага мэт боловч энэ нь монголын шувуу үржүүлгийн салбарт шинэ эхлэл болж үлдэх чухал үйл явдал юм.
