НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17-р бага хурал (COP17)-ын сэдэвчилсэн өдрүүдийн танилцуулга, амралтын өдрийн үзвэр үйлчилгээ, эвент арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд хурал, хэлэлцүүлгээс гадна Монгол Улсын нүүдэлчдийн ахуй, соёл, зан заншил, биет болон биет бус өвийг олон улсад сурталчлан таниулах олон талт арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн COP17-ын үеэр олон улсын байгууллагын дүрэм, зохион байгуулалтын хүрээнд Цэнхэр бүсэд албан ёсны нээлт, хаалт болон олон улсын оролцогчдод зориулсан соёлын агуулгатай үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. Харин Ногоон бүсэд байгаль орчин, тогтвортой хөгжил, соёлын өвийг сурталчлах чиглэлээр илүү өргөн хүрээний үзвэр, арга хэмжээ болох юм. Тус бага хурлын 12 өдрийн хугацаанд зөвхөн хурал, зөвлөгөөнөөр хязгаарлагдахгүйгээр Монголын нүүдлийн соёл иргэншил, уламжлалт ахуй амьдрал, өв соёлыг дэлхийн зочид төлөөлөгчдөд танилцуулах хөтөлбөрүүд хэрэгжинэ.
Мөн COP16-аас COP17-д шилжих үйл явцыг бэлгэдсэн “Тэмээн жингийн цуваа” арга хэмжээг зохион байгуулах бөгөөд энэ нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 16, 17 дугаар бага хурлыг холбосон онцлох контент арга хэмжээ болох аж. Уг арга хэмжээнд оролцох олон улсын 12 төлөөлөгч наймдугаар сарын 8-нд Монгол Улсад хүрэлцэн ирнэ. НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба малчдын олон улсын жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улс Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнтэй хамтран Олон улсын малчдын чуулга уулзалт зохион байгуулна. Тус чуулга уулзалт есдүгээр сарын 13-нд Архангай аймгийн Булган суманд болохоор төлөвлөгджээ. COP17 нь цөлжилт, газрын доройтолтой тэмцэх асуудлыг хэлэлцэхээс гадна Монголын нүүдлийн соёл, байгальтай зохицон амьдрах уламжлалт мэдлэгийг дэлхий нийтэд хүргэх чухал боломж болох юм.