Нийслэлийн Онцгой байдлын газраас үер, гол усны ослын нөхцөл байдал зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Оюунбат, “Тэрэлж голын усны түвшин одоогийн байдлаар үерийн түвшинд байгаа бөгөөд долдугаар сарын 30, 31 болон наймдугаар сарын 1-ний өдрүүдэд Тэрэлж, Туул голын усны түвшин үерийн аюултай түвшин болох 31 см-ээс давж үерлэсэн байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул, Тэрэлж, Хэрлэн голын дагуу зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл гурван сарын хугацаанд завьт болон хөдөлгөөнт эргүүлүүдийг ажиллуулж байгаа ч усанд осолдох иргэдийн тоо буурахгүй байн. Тодруулбал, 2026 онд нийслэлийн хэмжээнд 19 хүн усны ослын улмаас амь насаа алдсан байна. Үүнээс 16 нь насанд хүрсэн хүн, 3 нь хүүхэд байсан. Наймдугаар сар гарснаас хойш усны ослоор амь насаа алдаж буй иргэдийн тоо огцом өссөн. Тодруулбал, сүүлийн гурван хоногт найман удаагийн усны ослын дуудлага бүртгэгдсэний зургаан иргэнийг нас барсан байдалтайгаар олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн бол хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Голын усны түвшин есдүгээр сарын 15 хүртэл буурахгүй” гэлээ.