Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх Чадварын Судалгааны Төвөөс (ЭЗБӨЧСТ) өнөөдөр “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-г танилцууллаа.
Энэ жилийн тайланд 70 улсыг эрэмбэлэхэд Сингапур тэргүүлж, Хонконг, Швейцар, Тайвань, Арабын Нэгдсэн Эмират улс удаалсан байна. Харин Монгол Улс 67 дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх оноосоо хоёр байраар ухарсан үзүүлэлттэй гарчээ.
ЭЗБӨЧСТ-ийн Гүйцэтгэх захирал, эдийн засагч Ч.Отгочулуугийн хэлснээр Монголын эдийн засаг нэг улсаас хэт хамааралтай, инфляц өндөр, сөрөн тэсвэрлэх чадвар сул байгаа нь өрсөлдөх чадварыг бууруулж буй гол шалтгаан аж. Мөн бизнес эрхлэгчдийн 97 хувь нь зөвхөн банкны зээлээс хамааралтай байгааг онцолсон юм. Тайланд Монгол Улсын өмнө тулгамдаж буй гол сорилтуудаар төрийн бодлогын тогтворгүй байдал, инфляц, ур чадвартай ажиллах хүчний хомсдол, хөрөнгийн зах зээлийн хөгжил сул, дэд бүтцийн хоцрогдол зэрэг асуудлыг нэрлэжээ.