ВИДЕО: "Дуу чимээний бохирдол" үүсгэж буй тээврийн хэрэгслийн жолоочийг 20 мянган төгрөгөөр л торгох хуультай тул зөрчил арилахгүй, нэмэгдэж байна

ВИДЕО: "Дуу чимээний бохирдол" үүсгэж буй тээврийн хэрэгслийн жолоочийг 20 мянган төгрөгөөр л торгох хуультай тул зөрчил арилахгүй, нэмэгдэж байна

Сүүлийн жилүүдэд нийслэлийн гудамж, замуудад өндөр хүчин чадалтай, яндангийн системийг зориулалтын бусаар өөрчилсөн мотоциклууд болон спорт машины тоо нэмэгдэх болсон. Тэр дундаа шөнийн цагаар төв замуудаар өндөр хурдтай зорчих үед гарч буй чанга дуу чимээ нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, амгалан тайван орчинд амьдрах эрхэд нөлөөлж буй талаар гомдол мэдээлэл тасрахгүй байгаа. Тэгвэл бид "дуу чимээний бохирдол" хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар болон уг асуудалд холбогдох байгууллагууд ямар арга хэжээ авч буй тухай хөндлөө.

ВИДЕО:

- ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА ХОТ СУУРИН ГАЗРЫН ГАДНА ОРЧНЫ ДУУ ЧИМЭЭ 40-60 ДЕЦИБЕЛЭЭС ХЭТРЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨДӨГ Ч, МАНАЙ УЛСАД 100 ДЕЦИБЕЛ ДАВЖ БАЙНА-

Дуу чимээний бохирдол нь Монголд харьцангуй бага яригддаг ч дэлхийн хэмжээнд агаарын бохирдлын дараа хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг орчны эрсдэлт хүчин зүйлсийн нэгт тооцогддог.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын төв замуудын орчимд өдрийн цагаар дуу чимээний түвшин 100 децибел хүрч, шөнийн цагаар 90 децибелд хүрч байгаа нь тогтоогджээ.

Харьцуулбал,  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хот суурин газрын гадна орчны дуу чимээ өдрийн цагаар 60 децибел, шөнийн цагаар 40 децибелээс хэтрэхгүй байхыг зөвлөдөг. Харин нийслэлийн зарим бүсэд энэхүү зөвлөмжөөс хоёр дахин өндөр үзүүлэлт хэмжигдэж байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаанууд болон олон улсын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд дуу чимээний бохирдлыг зүрх судасны өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийн нэг гэж үздэг.

Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар чанга дуу чимээ нь хүний биед стрессийн урвал үүсгэдэг байна. Үүний улмаас адреналин, кортизол зэрэг дааврын ялгаралт нэмэгдэж, судас агших, зүрхний цохилт хурдасах, даралт өсөх нөхцөл бүрддэг аж. Мөн 65 децибелээс дээш орчинд удаан хугацаагаар амьдардаг хүмүүсийн дунд цусны даралт ихсэх өвчин илүү түгээмэл бүртгэгддэг байна. Дуу чимээний түвшин 10 децибелээр нэмэгдэхэд 65-аас дээш насны иргэдийн зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл дөрвөн хувиар өсдөг гэсэн тооцоо бий.

Түүнчлэн дуу чимээний бохирдол нь

  • Сонсгол буурах
  • Чих шуугих
  • Нойргүйдэх
  • Архаг стресс үүсэх
  • Сэтгэл түгших
  • Анхаарал төвлөрөл буурах
  • Дархлаа сулрах
  • Бодисын солилцоо алдагдах зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар судалгаанд дурджээ.

Мөн Дуу чимээний бохирдлын нөлөөнд хүүхдүүд хамгийн их өртдөг бүлэгт багтдаг. Сургуулийн орчинд хэт их дуу чимээтэй байх нь хичээлдээ анхаарах чадвар буурах, уншиж ойлгох чадварт нөлөөлөх, суралцах үйл явц удаашрах эрсдэлтэйг олон улсын судалгаанууд тогтоожээ. Нойр дутуу хүүхдийн дархлаа сулрах, сэтгэл санааны тогтворгүй байдал нэмэгдэх, суралцах чадвар буурах зэрэг эрсдэлүүд мөн ажиглагддаг байна.

-ЗОРИУДААР МАШИН БОЛОН МОТОЦИКЛЫН ДУУ НАМСГУУРЫГ АВЧ ХАЯХ, ЧАНГА ДУУТАЙ БҮДҮҮН ЯНДАН ТАВИХ ЗЭРЭГ ТОХИОЛДОЛ МАШ ИХ-

Дарь Эх, 17” техник хяналтын үзлэгийн төвийн инженер Ц.Алтансүх “Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1-т “Улсын стандарт шаардлагыг хангасан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрнө”, Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 4.3-т “Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон, зориулалтын бус дуу намсгууртай автомашин ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан байдаг. Авто тээврийн хөдөлмөрлөхүйн эргономикийн үзүүлэлтүүд MNS 4599:2003 стандартад тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээний зөвшөөрөгдөх түвшинг дараах байдлаар зааж өгсөн байдаг.

Суудлын автомашин болон мотоцикл 74 Дб-с хэтрэх ёсгүй гэж тогтоосон боловч залуучууд зориудаар машин болон мотоциклын дуу намсгуурыг авч хаях, чанга дуутай бүдүүн яндан тавих зэрэг тохиолдол маш их байна” гэсэн юм.

Харин СБД-ийн ЗЦ-ийн техник хяналт хариуцсан зохицуулагч Дэслэгч Б.Цолмон, “Үйлдвэрээс гарч буй мотоциклууд тодорхой стандартын дагуу үйлдвэрлэгддэг. Харин ашиглалтын явцад яндангийн системийг сольж, дуу намсгах төхөөрөмжийг авах, зориулалтын бус тоноглол суурилуулах нь дуу чимээ эрс нэмэгдэх гол шалтгаан болоод байна. Хууль, дүрэмд заасны дагуу яндангаас гарах дууны хэмжээ хэтэрсэн тээврийн хэрэгслийг нэг бол дуу намсгагч (глушитель) ажиллахгүй болсон, эсвэл зориулалт бусаар өөрчилж тоноглосон гэж үзнэ.

Ийм зөрчил гаргасан тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25-р зүйлийн 25.3-д “Ашиглахыг хориглосон, гэмтэлтэй буюу зохих зөвшөөрөлгүйгээр өөрчлөн тоноглосон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, эсхүл дээрх тээврийн хэрэгслийг замд гаргах зөвшөөрөл олгосон бол 5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах арга хэмжээ авч байгаа.

Мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авч, техникийн үзлэгт дахин хамруулдаг. Шаардлага хангаагүй тохиолдолд цуцлах арга хэмжээ авч байна” гэлээ.

Иргэдийн зүгээс “Манайх төв замтай ойрхон. Зун болохоор шөнөжин чанга яндантай мотоцикл явдаг. Заримдаа шөнийн хоёр, гурван цагт хүртэл дуу нь сонсогдоно. Хүүхдүүд цочиж сэрэх үе ч бий. Цонхоо онгойлгоод унтаж чадахаа больсон. Автомашины дуу чимээ нэг өөр. Харин яндангаа өөрчилсөн мотоциклийн дуу бүр л хэцүү. Түүнээс гадна өдрийн цагт гадуур явж байхад машин мотоцикл чанга орилох, дуут дохиогоо ажиллуулах гээд маш их чанга чимээтэй байдаг болохоор бага насны хүүхэдтэйгээ гадуур явахаас айдаг болсон” гэх зэргээр шүүмжлэлтэй хандаж байлаа.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө