Япон улсад Азийн наадам үзэж яваа УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өнгөрсөн наймдугаар сард хилийн хоригоо цуцлуулжээ

Япон улсад Азийн наадам үзэж яваа УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өнгөрсөн наймдугаар сард хилийн хоригоо цуцлуулжээ

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн зүйл ангиар Тагнуулын байгууллагаас яллагдагчаар татан шалгаад нэг жил орчмын хугацаа өнгөрч байгаа бөгөөд түүнийг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах асуудлыг УИХ хэлэлцэх ёстой хэмээн нэр бүхий хуульчид үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тагнуулын байгууллагад шалгагдаж буй УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг УИХ-ын чуулгандаа суухгүй атлаа Япон улсад зохиогдож байгаа Азийн наадмыг үзээд сууж байна гэх дүрс бичлэг бүхий мэдээлэл өчигдөр /2026.09.24/ цахим орчинд цацагдсан.

ВИДЕО: 

Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн таслан сэргийлэх арга хэмжээг хэзээ хэрхэн өөрчлөв гэдэг нь мөн анхаарал татсан. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь өнгөрсөн наймдугаар сарын 20-ны /2026.08.20/ өдөр Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэхээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд хандсан байна. Улмаар шүүх уг хүсэлтийг нь хэлэлцээд түүнд өмнө нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөх боломжгүй гэж үзсэн аж.

Гэвч түүний өмгөөлөгч Ерөнхий шүүгчид хандаснаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хилийн хоригийг цуцалсан байна. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын Монголын багийн дэд ахлагчийн хувиар Япон Улсын Токио хотноо ажиллаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Харин тус багийн ахлагчаар, УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцож байгаа аж. 

Ташрамд өгүүлэхэд Х.Булгантуяа гишүүн өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох чуулганы нэгдсэн хуралдаанд "Чөлөөтэй" байсан бол энэ сарын 23-ны өдрийн Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанд "Гадаад томилолттой" хэмээн ирцээ бүртгүүлсэн байна.