ТОДРУУЛГА: Оросын талд байлдаж байгаад Украинд олзлогдсон гэх монгол иргэний талаарх мэдээлэл манай улсад албан ёсоор иржээ

ТОДРУУЛГА: Оросын талд байлдаж байгаад Украинд олзлогдсон гэх монгол иргэний талаарх мэдээлэл манай улсад албан ёсоор иржээ

Украины гадаад хэргийн яам, Украины Олзлогдсон Цэргүүдийн Асуудлыг Зохицуулах Төвийн эх сурвалж дээр үндэслэн ажилладаг StopRussianRecruiters.org сайтын өгөгдлийн санд Монгол Улсын нэг иргэний мэдээлэл бүртгэгдсэн талаарх мэдээлэл өдгөө олны анхаарлыг татаад байна. 

Тодруулбал, тус өгөгдлийн санд Пунцагийн Пүрэв-Очир гэх нэртэй мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ санд Украины армид олзлогдсон дэлхийн 51 улсын иргэний мэдээлэл байгаа аж. Үүнд 55 настай Пунцагийн Пүрэв-Очирын мэдээлэл энэ сарын 3-нд бүртгэгджээ. Тэрбээр ОХУ-ын зэвсэгт хүчний 38-р мото буудлагын бригадын 21720 дугаар тасагт алба хааж байгаад Украины Запорожье мужийн нутаг дэвсгэрээс олзлогдож 2026 оны нэгдүгээр сараас хойш олзны цэргүүдийн хуаранд байрлаж байгаа гэж мэдээлжээ.

Тиймээс бид дээрх мэдээлэлтэй холбоотойгоор албан ёсны мэдээлэл манай талд ирсэн эсэх талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Тухайн иргэнтэй холбоотой мэдээлэл Украины талаас ирсэн. Гадаад харилцааны яам болон Польш Улсад суугаа Элчин сайдын яамнаас шаардлагатай дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Польш Улсад суугаа Элчин сайдын яам нь Украиныг хавсран хариуцдаг тул ийнхүү ажиллаж байна" гэлээ.