Д.Амарбаясгалан: МАН-ын “30” бүлэглэл Н.Учралыг огцруулах оролдлого хийсэн гэх ойлголтыг нийгэмд үлдээх гэж байна

Д.Амарбаясгалан: МАН-ын “30” бүлэглэл Н.Учралыг огцруулах оролдлого хийсэн гэх ойлголтыг нийгэмд үлдээх гэж байна

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Эрх барьж байгаа улс төрийн намын даргаар ажиллаж байгаа Ерөнхий сайд хүн маш олон даалгавар гүйцэтгэнэ. Энэ мэдээж амаргүй. Н.Учрал сайдын хувьд нас залуу ч зүтгэж байгаа, хичээж байгаа. Миний хувьд намын дарга болохоос нь эхлээд Ерөнхий сайд болох бүх процесс дээр нь дэмжсэн. Улс төрийн янз бүрийн зөрчлүүд гарч байна. С.Амарсайхан сайдыг ямар шалтгаанаар ажлаас нь чөлөөлөв. Энэ үнэхээр өөрийнх нь алдаа юм уу, эсвэл зохион байгуулалттай үйл ажиллагаанд ороод, дээрээс удирдлагатай, командтай зүйлд өртөөд ажлаасаа чөлөөлөгдсөн юм уу. Яагаад С.Амарсайхан сайдын өөрчилье гэж зорьсон бугшсан байгаа олон зүйлд яагаад өөрчлөлт хийсэнгүй вэ. Зохион байгуулалттайгаар энэ хүний өөрийн болон гэр бүлийн нэр хүндэд ямар муухай хүний ёсноос гадуур хандаж, ажлаас нь огцруулж байгаа юм бэ. Энэ өөрөө улс төр, шударга ёс, зарчим юм уу гэж асуух ёстой.

Түүнчлэн Л.Энх-Амгалан гэдэг сайд бялдуучилж гүйж байгаад 3.5 тэрбум гэдэг төгрөгийг "Их засаг"-т тавиулсан. Жагсаалтын хэдэн онц сурлагатнууд нөгөө файлыг гаргаж иртэл зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн болсон. Тэр гэмт хэргийг нь олон нийтийн өмнө биш намын даргын өмнө хийсэн гэмт хэрэг болгоод Ерөнхий сайдыг огцруулах гэж байна гэж үлгэр зохиосон. Ийм үлгэр зохиогоод хэдэн бүсгүйчүүдийг дээрэлхэж байгаа үйл явдалтай эвлэрэхгүй. Улстөрчийн хувьд хатуурч тэмцэнэ. Яагаад зальтай улстөрчид нь дээшээ яваад шударга байсан нь хэлмэгдээд, дарамтлуулдаг юм бэ. Тийм зүйл байлгахгүйн тулд энэ асуудлыг нухацтайгаар тавьж байгаа. Хоёр эмэгтэй гишүүнээс уучлалт гуйвал чуулгандаа орно гэж байна лээ” гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй. Энэ хоёр эмэгтэй гишүүнээр дамжуулж, МАН-д байгаа 30 хэмээх бүлэглэлийнхэн Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах оролдлого хийсэн гэдэг зүйлийг нийгэмд үлдээх гэж байгаа. МАН-ын гишүүдэд ингэж ойлгуулах гэж буй улс төр. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж энэ асуудлыг ярина. Хариуцлагын асуудлыг сайд дээр ярих ёстой. Яагаад өөрөө хариуцлага алдчихаад Ерөнхий сайдынхаа эсрэг турхирах ажлыг зориуд зохион байгуулалттай хийгээд байгаа юм бэ гэдэг асуудлыг хөндөнө” хэмээлээ.

Мөн тэрээр “Улс төрийн нам нь ч, гишүүн нь ч бойкот хийх эрхтэй. УИХ-ын гишүүнийг жагсаалтаар сонгогдсон, тойргоос сонгогдсон гэж ялгарварлаж болохгүй. МАН жагсаалтын нэр дэвшигчийг нэр дэвшүүлэхдээ судалгаанд үндэслэн нэг ч улс төрчийг багтаагаагүй. Жагсаалтын гишүүн гэж ялгаварлан гадуурхаж огт болохгүй. Төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд баталдаг. Төсвийг хурдан батална гэхээс илүүтэй нухац суурьтай хандаж байгаа. Нэг, хоёр хоногийн өмнө баталсангүй гэж бухимдах хэрэггүй” хэмээн ярьсан юм.