Х.Нямбаатарыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” үндэслэлээр яллагдагчаар татжээ

Х.Нямбаатарыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” үндэслэлээр яллагдагчаар татжээ

Улаанбаатар хотын 24 мега төслийн сонгон шалгаруулалт, санхүүжилт, хэрэгжилтийн явцтай холбоотой асуудлаар холбогдох байгууллагууд шалгалт, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

Тухайлбал, нийслэлийн Засаг даргын орлогч асан Л.Хосбаяр, Т.Даваадалай, “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалай, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар зэрэг албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийг шалгаж байгаа юм. Ганц жишээ татахад, Т.Даваадалайг Туулын хурдны зам болон Тойрог нэг, хоёрдугаар замын төслүүдтэй холбоотойгоор эхнэрийнхээ хамаарал бүхий компаниудын дансаар дамжуулан 6.6 тэрбум төгрөгийн мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн. Улмаар түүнийг цагдан хорьж байсан бөгөөд улмаар суллаж, хилийн хориг тавьсан билээ.

Тэгвэл АТГ-аас "Туулын хурдны зам" төслийн тендертэй холбоотой эрүүгийн хэргийг шалгаж дууссан бөгөөд энэхүү хэрэгтэй холбогдуулан НЗД асан Х.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтаар яллагдагчаар татжээ. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг зохицуулдаг. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлнэ.