Засгийн газар Үндсэн хуулийн чадамжгүй болох эсэх маргааныг эрх баригчид ЭЦЭСЛЭХИЙГ хүссэнгүй

Засгийн газар Үндсэн хуулийн чадамжгүй болох эсэх маргааныг эрх баригчид ЭЦЭСЛЭХИЙГ хүссэнгүй

-ЭХНИЙ АЛДАА: ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАГАЖ МӨРДӨХ
ХУГАЦААГ ТОГТООХДОО ЗАСГИЙН ГАЗРЫГ БОДОЛЦООГҮЙ-

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ сарын 25-ны өдрөөс албан ёсоор мөрдөгдөж эхэлснээр Засгийн газар Үндсэн хуулийн чадамжгүй болох уу гэх сэдэв сүүлийн үед олны дунд маргаан үүсгээд буй.

Үндсэн хуулийг батлахдаа яалт ч үгүй энэ сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө гээд заачихсан. Энэ дагуу хуулиа дагаж мөрдвөл Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа дөрвөөс бусад “давхар дээлтэй” гишүүнийг явуулах ёстой болоод байгаа юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр танхимынхаа гишүүдийг өөрчлөх, солих эрх нь Ерөнхий сайдад бүрэн олгогдсон. Тэгэхээр дөрвөн гишүүнээ авч үлдээд л бусдыг нь солиход болно. Засгийн газраа авч үлдэхийн тулд Үндсэн хуулийг зөрчиж болохгүй. Үндсэн хуулийг зөрчсөнөөс танхимынхаа гишүүдийг явуулах нь зүйтэй гэх байр, суурийг мэргэжлийн хуульчид хэлж байгаа.

ТУХАЙЛБАЛ,

Хуульч Ч.Өнөрбаяр: Өнөөдрийн засгийн газар 100 хувь давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа. Одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөж эхэлснээр дөрвөн сайд УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэж болно. Ерөнхий сайд нь аль гишүүдээс авч үлдэх нь УИХ-д 63 суудалтай байгаа МАН-ын дотоод асуудал. Ямар ч тохиолдолд Үндсэн хууль мөрдөгдөх ёстой. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхгүй бол энэ Засгийн газар Үндсэн хуулийн чадамжгүй болно. Нэг үгээр хэлбэл энэ Засгийн газрын шийдвэр, тогтоол Үндсэн хуулийн биш болох учир Үндсэн хуульд нийцүүлэхээс өөр арга байхгүй.

Хуульч  Б.Мэргэн: Өмнө нь мөрдөгдөж байсан Үндсэн хууль дээр Засгийн газрын нийт гишүүний тэн хагас нь огцрох юм бол Засгийн газрыг огцорсонд тооцно гэдэг байсан. Харин одоо энэ зохицуулалт байхгүй болсон. Одоо Ерөнхий сайд огцорсон тохиолдолд л Засгийн газар бүрэн, бүрэлдэхүүнээрээ огцорно гээд өөрчлөгдсөн. Хэрвээ хуучнаараа байсан бол дөрвөн сайдаас бусад нь огцорчихлоор Засгийн газар огцорчих гээд байгаа юм. Гэтэл тэр зохицуулалт байхгүй шүү дээ. Бид эрх зүйт төртэй, Ардчилсан нийгэмтэй улс шүү дээ. Тийм учраас хуулиа дээдлэх л ёстой. Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчлөхгүй бол Үндсэн хууль зөрчсөн асуудалд орж улмаар Үндсэн хуулийн цэцээр дамжуулан огцрох магадлалтай болно. 12 хүнийг нэг сарын хугацаанд сайдаар нь ажиллуулахын тулд Үндсэн хуулиа уландаа гишгэж яах гээд байгаа юм бэ.

Хуульчид дээрх байр, суурийг өнөөдөр ч илэрхийлсээр байна.

-ХОЁР ДАХЬ АЛДАА: ЭХНИЙ АЛДААГАА Л.ОЮУН-ЭРДЭНЭ
САЙД ЗАСАХ ГЭЖ ОРОЛДООГҮЙ-

Харин эрх баригч МАН тэр дундаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах ажилд гол үүрэгтэй ажилласан УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын хувьд дээрхээс тэс өөр тайлбар хийж байгаа. Тухайлбал, тэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлаагүй. Тийм учраас Засгийн газар огцрохгүй гэж байгаа юм. Тэдний хувьд энэ сарын 25-ны өдөр Дагаж  мөрдөх журмын тухай хуулиа баталж, түүндээ хэзээнээс хэрэгжиж эхлэх хугацааг нь тодорхой зааж өгнө гэж байгаа юм.

Ямартай ч өнгөрсөн нэг сард Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн чадамжтай эсэх асуудлаар маргасан энэ асуудлыг МАН-ынхан цэгцлэх хүсэлгүй байгаа нь маш тодорхой болов. Тухайлбал, өнгөрсөн сарын 24-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ингэхдээ дээрх маргаантай хугацааг ТОДОРХОЙ БОЛГОЖ нэг талд нь гаргаж өгөөгүй байгаа нь олны анхаарлыг ихээхэн татаад байна.

Л.Оюун-Эрдэнэ энэ маргаантай асуудлыг цэгцлэхийн оронд “Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулахтай холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орсон асуудлыг 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулганаар зохицуулах нь зөв гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэх тайлбарыг хэлээд таг болсон юм.

Түүний хэлж буйгаар Засгийн газрын нийт гишүүдийн дөрвөөс илүүгүй нь “давхар дээл”-тэй байж болно гэдэг заалт дараагийн Засгийн газарт л үйлчлэх нь. Үүгээрээ тэрбээр Үндсэн хуулийг зөрчиж буйгаа олонд ил зарлахын зэрэгцээ яг дээрхтэй маргаантай холбоотой хуулийн хугацааг тов, тодорхой зааж өгсөнгүй.