“Америк” Хангай: Дарьгангад болсон явдлаас болж намайг урам хугарсан, сэтгэлээр унасан гэж битгий бодоорой. Би эр хүн тул зорилгынхоо төлөө хичээсээр байх болно

“Америк” Хангай: Дарьгангад болсон явдлаас болж намайг урам хугарсан, сэтгэлээр унасан гэж битгий бодоорой. Би эр хүн тул зорилгынхоо төлөө хичээсээр байх болно

“Америк Хангай” нэрээр өдгөө хэн бүхэн таних болсон Үндэсний бөх сонирхогч Лавилл Хангай Маршалыг энэ удаа урьж ярилцлаа. Түүнийг бид өмнө нь сар шинийн баярын дугаартаа урьж оролцуулж байсан юм. Түүнтэй Үндэсний бөх болон өнгөрсөн зун Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болсон маргаантай холбоотой асуудлыг ярилцсан юм.

ВИДЕО:

Б.ОРХОНБАЯРЫГ ТҮРҮҮЛЭХЭД БИ БАЯРЛАСАНДАА БАРАГ УЙЛАХ ШАХСАН

- Та энэ жилийн наадмаар хэд хэдэн сумын барилдаанд барилдсан. Анх удаа наадмаар барилдсан санагдаж байна. Наадмаар барилдах ямар байсан бэ?

-Би Үндэсний их баяр наадамд барилдаагүй ч сумын наадамд анх удаа барилдаж үзлээ. Яагаад гэдгийг мэдэхгүй ч нэлээн тайван, тухтай, өөртөө итгэлтэй байсан. Хамгийн чухал нь хүмүүсийн намайг хүлээж авч байгаа байдал болон найрсаг байдал нь намайг тайван, тухтай байхад нөлөөлсөн гэж бодож байна.

- Монголчуудын хүлээдэг Үндэсний их баяр наадмаар Б.Орхонбаяр түрүүлсэн. Та хоёр хамт бэлтгэл хийдэг гэж сонссон. Уулзаж баяр хүргэж амжсан уу?

-Б.Орхонбаяр аварга бид хоёр нэг багшийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг. Бэлтгэлийн үеэр уулзаж байсан. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж үзсэн. Хүн өөрийнхөө бүх насаараа хүсэж, мөрөөдөж, зорьсон зорилгодоо хүрч байгаа мөчийг харах үнэхээр их урам, зориг өгсөн. Би баярласандаа бараг л уйлахаа шахсан. Нэг сарын дараагаас бэлтгэл эхэлнэ. Бид нэг багш дээр бэлтгэлээ хийдэг учир уулзана. Тэр үед би албан ёсоор баяр хүргэх болно. Үнэхээр их бахархаж, урам зориг авсан тухайгаа мөн хэлэх болно.

- Таныг Америк Хангай гэх нэрээр бүгд таньдаг болжээ. Та О.Хангай аваргыг дэмжиж, хүндэлдэг гэсэн. Уулзаж үзсэн үү?

-Ер нь бол уулзаагүй хэвээр байгаа. Гэхдээ маш олон удаа энд, тэнд хардаг. Хараахан албан ёсоор уулзаж амжаагүй. Уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа.

“ЭНЭ ЗУН БИ ДӨРВӨН СУМЫН НААДАМД БАРИЛДСАН”

- Энэ зун бэлтгэлээ хаана, хаана хийсэн бэ? Бэлтгэлээ хангалттай хийж амжсан уу. Хэдэн сумын барилдаанд зодоглосон бэ?

-Миний хувьд өнгөрсөн зун бэлтгэлээ тийм ч сайн хийж амжаагүй. Учир нь хавар бага зэрэг бэлтгэл хийж байгаад Өвөр Монголд болж буй барилдаанд оролцож эхэлсэн. Гэхдээ ирэх зун би наадмын өмнөх хээрийн бэлтгэлдээ заавал оролцох болно. Энэ зун би дөрвөн сумын наадамд барилдсан. Сэлэнгэ аймгийн Мандал сум, Сүхбаатар аймгийн Дарьганга сум болон Төв аймгийн хоёр сумын барилдаанд зодоглосон.

- Та Дарьганга сумын барилдааны үеэр таны давааг луйвардсан гэх агуулга бүхий видеог цахим хуудсандаа нийтэлсэн. Энэ тухай?

-Миний хувьд энэ барилдааны тухай ярих шаардлагагүй гэх байр суурьтай байгаа. Учир нь өнгөрсөнд үлдсэн зүйлийг өнгөрсөнд үлдээх хэрэгтэй шүү дээ. Ялангуяа эрэгтэй хүний хувьд хов жив хөөхөөс илүү дараа дараагийн алхамаа бодох нь чухал гэж бодож байна. Тухайн үед шударга ёсыг шаардах нь зөв ч гэсэн одоо дараагийн зүйлсээ ярих нь илүү чухал. Буцаад гэртээ ирэхэд бүх зүйл мартагдаж, амар амгалан болчихсон байдаг. Ялангуяа Монгол бөх зэрэг хагас тулааны спортод эрэгтэй хүмүүс дунд байх л зүйл, бүх зүйлд бэлэн байх ёстой гэж боддог.

“НАМАЙГ УРАМ ХУГАРСАН, СЭТГЭЛЭЭР УНАСАН ГЭЖ БИТГИЙ БОДООРОЙ УЧИР НЬ БИ ЗОРИЛГЫНХОО ТӨЛӨӨ ХИЧЭЭСЭЭР БАЙХ БОЛНО”

- Зөвхөн та гэхгүй сүүлийн үед олон гадаад улсын иргэд Монгол бөхөөр хичээллэж, барилдах болсон. Тэгэхээр шударга байдал хамгийн чухал байна. Таниас орон нутгийн удирдлага зэрэг хүмүүс уучлалт гуйсан зүйл байдаг болов уу?

-Ер нь бол надаас албан ёсоор уучлалт гуйсан зүйл байхгүй ч гэсэн надаас уучлалт гуйгаасай гэж би хүсээгүй. Надаас уучлалт гуйх хэрэггүй. Гэхдээ энэ барилдаанаас намайг дэмжсэн Монголчууд, тэдний бичиж байгаа мессеж, урмын үг зэрэг надад хэрэгтэй зүйл нь байсан.

- Та Монгол бөхөд бүх амьдралаа зориулна хэмээн өмнөх ярилцлагад хэлж байсан. Таны энэ бодол хэвээрээ юу?

-Тэгэлгүй яах вэ, тэр бодол маань хэвээрээ байгаа. Жишээ болгож ярихад Сүхбаатар аймагт тохиолдсон явдал надад анх удаа тохиолдож байгаа биш. Өвөр Монголд барилдаж эхлээд найман жил болж байна. Энэ хугацаанд иймэрхүү асуудал олон тохиолдож байсан. Би бол эр хүн шүү дээ. Шийдвэрээ гаргасан бол түүнийхээ төлөө хичээнэ. Намайг урам хугарсан, сэтгэлээр унасан гэж битгий бодоорой. Би зорилгынхоо төлөө хичээсээр байх болно. Монгол бөхөөр барилдсаар л байх болно. Мөн Өвөр Монголд Дарьганга суманд болсон шиг асуудал тохиолддог ч надад хэлэх, илэрхийлэх боломж байдаггүй. Харин одоо надад ирж байгаа мессеж, хүмүүсийн хэлж байгаа үг, хандлагыг харахад би энэ асуудлыг өөрчилж болох юм шиг санагддаг. Учир нь Монгол хүмүүс шударга бус байдлыг өөрчлөхийг хүсдэг хүмүүс шиг санагддаг.

МОНГОЛ БӨХӨӨР ХИЧЭЭЛЛЭХ ДУРТАЙ, СОЁЛ ИРГЭНШИЛД НЬ ХАЙРТАЙ УЧИР ҮНДЭСНИЙ БӨХИЙГ ДЭЛХИЙД ТҮГЭЭЖ, МОНГОЛ УЛСАД НАСААРАА АМЬДАРНА ГЭЖ БОДДОГ

- Заалны барилдаанууд эхэлж байна. Та барилдах уу?

-Миний хувьд заалны барилдаануудад илүү их барилдахыг хүсэж байгаа. Учир нь эхлээд заалны барилдаанд сайн барилдаж, өөрийгөө мэдэрч, бүх зүйлээ ойлгох хэрэгтэй. Энэ хэрээр наадмаар сайн барилдана. Тэгэхээр энэ хавар намайг заалны барилдаануудад илүү их харах байх.

- Та Өвөр Монголд мөн барилддаг. Мөн АНУ руу явдаг байх. Их шахуу хуваарьтай байх. Бэлтгэлийн цагаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Бэлтгэлийн цагаа зохицуулах бага зэрэг хүндрэлтэй байдаг. Би АНУ руу их явж амждаггүй. Найман жилийн хугацаанд хоёр удаа л явсан байна. Хамгийн сүүлд гэхэд 2024 онд АНУ руу явсан байна. Өвөр Монгол, Монгол хоёрын хооронд л амьдарч байна. Монгол Улсад насан туршдаа амьдарна гэж боддог. Монгол бөхөөр хичээллэх дуртай. Монгол соёл иргэншилд хайртай байж яагаад өөр газар амьдарна гэж. Бэлтгэлийн хуваариа зохицуулахад хүндрэлтэй зүйл байдаг ч Монголд, Өвөр Монголд бэлтгэлээ зохицуулаад явдаг.

- Ярилцлагын төгсгөлд та юу хэлэх вэ?

-Би Монгол бөхөд хайртай бөгөөд түүнийг үргэлжлүүлж барилдахын хэрээр Монгол бөхөө гоё замаар дэлхий дахинд түгээхийг хүсдэг. Зарим хүмүүс манай соёл, уламжлалыг авах гэж байна хэмээн хандах нь бий. Гэхдээ хамтдаа Монгол бөхөө дэлхийд хэрхэн гаргах тухай бодоосой гэж хүсдэг. Би энэ соёлд хайртай учраас тэр хэмжээгээр хамгаалахыг хүсдэг. Дараа жилээс илүү их идэвхтэй барилдах байх. Жишээ нь, Японы сүмо бөхөд олон улсаас хүмүүс ирж барилдаад тэр спортыг дэлхийд түгээж байна шүү дээ. Түүн шиг зөв арга замаар Монгол үндэсний бөхийг цаашид улам дэлгэрүүлэх нь хамгийн чухал гэдгийг хэлэхийг хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө