Р.Шинэгэрэл: Хувь хүний орлогоос 1 хувийн татвар авах хууль батлагдвал цалингаараа амьдардаг нэг сая иргэнийг татварын дарамтаас чөлөөлнө

Р.Шинэгэрэл: Хувь хүний орлогоос 1 хувийн татвар авах хууль батлагдвал цалингаараа амьдардаг нэг сая иргэнийг татварын дарамтаас чөлөөлнө

Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болсон ч уг төсөлд бизнесийн орчинд бодит өөрчлөлт авчрахуйц шинэчлэл тусгагдаагүй. Өнөөдөр ажилтан, ажил олгогч нийлээд 24 хувийн Нийгмийн даатгалын шимтгэл төлж, цалин хөлс болон хүний нөөцтэй холбоотой бараг бүх зардалд татвар, шимтгэл ногдуулж буй нь аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа тэлэх, ажлын байр нэмэгдүүлэх боломжгүй болгож буйг бизнес эрхлэгчид онцолдог. Үүн дээр нэмэгдээд хувь хүний орлогын албан татварын 10 хувь, НӨАТ-ын босго давмагц ногдох нэмэлт ачаалал зэрэг нь жижиг, дунд бизнесүүдийн өсөлтийг хязгаарлаж байна.

Ийм нөхцөлд иргэд, аж ахуйн нэгжүүд татварын тогтолцоог бүхэлд нь шинэчилсэн бодит реформ хүлээж буй. Гэвч Засгийн газрын өргөн барьсан төсөлд суурь өөрчлөлт харагдсангүй. Харин эдийн засагч Р.Шинэгэрэл өнгөрсөн онд D-Өргөдөл платформд Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгох санаачилга байршуулж, 100 мянган иргэний дэмжлэг авсан нь УИХ-аар хэлэлцэгдэх хэмжээнд хүрсэн юм. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа тэргүүтэй 32 гишүүн энэ санаачилгыг хуулийн төсөл болгон боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна. Уг төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудал ид яригдаж буй энэ үед эдийн засагч Р.Шинэгэрэлтэй ярилцлаа.

ВИДЕО:

– Өнгөрсөн онд D-Өргөдөл платформд ХХОАТ-ыг 1 хувь болгох өргөдөл богино хугацаанд 100 мянга гаруй хүний дэмжлэг авсан. Энэ асуудал одоо ямар шатандаа явж байна вэ?

– Зургаахан хоногийн дотор 100 мянган иргэн гарын үсэг зурсан. УИХ-ын журамд 100 мянган дэмжлэг хүрмэгц өргөдлийг хааж, цааш хэлэлцүүлэгт шилжүүлдэг. Анх Төсвийн байнгын хороо болон ажлын хэсэгт хуваарилагдаж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалсан. Гэвч тухайн үед тодорхой шийдэлд хүрээгүй. Засгийн газраас өргөн барих татварын багц хуультай хамтатган хэлэлцэнэ гэсэн түвшинд үлдсэн. Харин дараа нь УИХ-ын гишүүд нийтийн өргөдөлд үндэслэн хууль санаачлах боломжтой гэсэн зохицуулалтын хүрээнд УИХ-ын гишүүн Б.Баярмаа тэргүүтэй 32 гишүүн ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл санаачлан өргөн мэдүүлсэн. Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж байна.

– ХХОАТ-ыг 1 хувь болгох нь төсөвт боломжтой юу гэсэн асуудал их яригдаж байна. Эдийн засагчийн хувьд та үүнийг хэрхэн харж байна вэ?

– Монгол Улс нэгдсэн төсөвтэй. Өөрөөр хэлбэл нэг том төсвөөс бүх зардлаа санхүүжүүлдэг. Өнөөдрийн байдлаар улсын төсөв 35 их наяд төгрөг давсан байна. ХХОАТ-ыг 1 хувь болговол ойролцоогоор 1.2–1.7 их наяд төгрөгийн орлогын зөрүү үүснэ гэсэн тооцоо бий. Гэхдээ энэ зөрүүг нөхөх боломж хангалттай бий. Нэгдүгээрт, төрийн үр ашиггүй зардал, давхардсан бүтэц, ашиглалтгүй хөрөнгө, үр өгөөжгүй төсвийн урсгалыг танах шаардлагатай. Хоёрдугаарт, татвар буурснаар эдийн засгийн идэвх нэмэгдэж, далд эдийн засаг ил болно.  Монгол Улсад 20–30 их наяд төгрөгийн далд эдийн засаг бий гэсэн үнэлгээ байдаг. ХХОАТ 1 хувь болсноор иргэд орлогоо ил тод тайлагнах сонирхолтой болно. Ингэснээр зээл авах, виз мэдүүлэх зэрэгт орлогын тайлангаа ашиглах боломж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн татвар бууруулах асуудал биш, эдийн засгийг ил тод болгох бодлогын том шинэчлэл юм. Мөн уул уурхай, байгалийн нөөцийн менежментээ сайжруулснаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

– Өнөөгийн нөхцөлд 10 хувийн ХХОАТ тогтмол цалинтай иргэд болон ажил олгогчдод дарамт болж байна гэсэн шүүмжлэл бий. Та үүнтэй санал нийлэх үү?

– Өнөөдөр Монголд 116 мянга орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүний 101 мянга нь 1–9 ажилтантай жижиг бизнесүүд. Эдгээр компанид ажиллаж буй хүмүүсийн дундаж цалин 1.7 сая төгрөг орчим байна. ХХОАТ-аас бүрдэж буй нийт татварын орлогын 80 хувь нь цалингийн орлогоос төвлөрдөг. Өөрөөр хэлбэл өнөөгийн систем хамгийн шударгаар хөдөлмөрлөж буй, цалингаар амьдарч буй хүмүүсийг хамгийн ихээр татварлаж байна гэсэн үг. Жижиг, дунд бизнесүүд ажилчдынхаа цалинг нэмэх боломжгүй байна. Учир нь ХХОАТ, НДШ болон бусад татварууд ажил олгогчдод асар их дарамт үүсгэдэг. Ялангуяа нийт аж ахуйн нэгжийн 87 хувийг бүрдүүлдэг жижиг бизнесүүдэд энэ нь хамгийн хүчтэй нөлөөлж байна. Тиймээс жижиг, дунд бизнесийг татварын бодлогоор дэмжих ёстой. Энэ бол улсын төсвийг сүйрүүлэх алхам биш. Харин эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэх, цалин өсгөх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг ил болгох реформын хэмжээний өөрчлөлт гэж харж байна.

-Засгийн газраас өргөн барьсан татварын багц хуулийг эдийн засагчид хэрхэн дүгнэж байна вэ?

-Одоогоор өргөн баригдсан төсөл бол суурь шинэчлэл биш, богино хугацааны “гал унтраах” шинжтэй төсөл гэж харж байна. Татварын дарамтыг бодитоор бууруулах өөрчлөлт хангалттай тусгагдаагүй. Өмнөх төслүүдэд байсан захиргааны дарамтыг бууруулах олон заалт хасагдсан. Харин НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая болгож нэмэгдүүлэх зэрэг хэсэгчилсэн өөрчлөлтүүд орж ирсэн ч хоорондын уялдаа сул байна. Жишээлбэл, хувь хүний 1 хувийн татварын босгыг 1 тэрбум төгрөгөөр хязгаарласан атлаа НӨАТ-ын босгыг 400 сая болгосон нь логикийн хувьд зөрчилтэй.  Мөн ХХОАТ-ын хөнгөлөлтийг сар бүр мэдрүүлэхийн оронд дараа жил буцаан олгох байдлаар зохицуулсан нь иргэдэд бодит дэмжлэг болохгүй. Энэ нь татварын хөнгөлөлтөөс илүү халамжийн шинжтэй болж байна.

-НӨАТ-ын босгыг 400 сая болгосон нь жижиг бизнесүүдэд бодит дэмжлэг болж чадах уу?

-2015 онд тогтоосон 50 сая төгрөгийн босгыг өнөөдөр 400 сая болгож байгаа нь үнэндээ инфляцтай харьцуулахад хангалтгүй өсөлт. НӨАТ-ын босго бол жижиг, дунд бизнесийг хамгаалах хэрэгсэл. Хэрэв бүх бизнес НӨАТ төлөгч болбол жижиг үйлчилгээ, жижиг дэлгүүрүүд том компаниудтай өрсөлдөж чадахгүй болно. Жижиг цайны газар өдөрт 2–3 сая төгрөгийн борлуулалт хийдэг гэж бодъё. Тэр бизнес НӨАТ төлөгч болмогц үнэ нэмэхээс өөр аргагүй болно. Ингэснээр эцсийн хэрэглэгч буюу иргэд илүү өндөр үнэ төлнө. Үүнээс гадна НӨАТ төлөгч болохоор нэмэлт нягтлан бодогч, программ хангамж, тайлан, торгууль зэрэг асар их захиргааны зардал гардаг. Энэ нь өрхийн бизнесүүдэд маш хүнд дарамт болдог. Тиймээс НӨАТ-ын босгыг дор хаяж 1 тэрбум, боломжтой бол 2.5 тэрбум төгрөг болгох ёстой гэж үздэг.

-Аж ахуйн нэгжийн дансыг битүүмжлэх асуудал энэ удаагийн хуулийн төсөлд мөн туссан. Тухайлбал, орлогын 20 хувийг үлдээж, 80 хувьд нь хязгаарлалт хийх зохицуулалт яригдаж байна. Үүнийг бизнесүүдэд үзүүлж буй дэмжлэг гэж тайлбарлаж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хэрэв татварын орчин боломжийн, бизнесийн нөхцөл тогтвортой, төрийн дарамт бага байвал аж ахуйн нэгжүүд дансаа хаалгах хэмжээнд хүрэхгүй. Татвараа төлөөд хэвийн үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой. Өнөөдөр компаниуд дансаа хаалгуулж байгаа нь татвар төлөх дургүйдээ биш. Харин асар их дарамт, санхүүгийн хүндрэлд орсноос үүдэлтэй. Тиймээс асуудлын уг шалтгааныг шийдэхгүйгээр зөвхөн “20 хувийг үлдээнэ, 80 хувьд нь хязгаарлалт хийнэ” гэх мэт арга хэмжээ нь бодит өөрчлөлт авчрахгүй. Энэ бол асуудлыг эмчлэхээсээ илүү шинж тэмдгийг нь түр дарах оролдлого. Бизнесүүдийн гол хүсэж байгаа зүйл нь данс хаах журамд жижиг өөрчлөлт хийх биш, харин татварын дарамтыг цогцоор нь бууруулах бодит шинэчлэл юм. Хэрэв татварын орчин зөв, бизнесийн үйл ажиллагаа тогтвортой байвал данс битүүмжлэх асуудал өөрөө аяндаа багасна. Өнөөдрийн нөхцөлд аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллах боломжгүй хэмжээнд хүрч байна. Компанийн ашиг гэдэг бол эзэн нь хувьдаа авч үрэх мөнгө биш. Тэр ашиг бол дараагийн хөрөнгө оруулалт, ажлын байр, үйл ажиллагааны өргөтгөл, цалин хөлсний өсөлтөд зарцуулагддаг эх үүсвэр. Тиймээс ашигтай ажиллах боломжийг нь бодлогоор дэмжих ёстой. Гэтэл өнөөдрийн татварын орчинд ажилтандаа сургалт зохион байгуулахад хүртэл татвар, унаа хоолны мөнгө өгөхөд шимтгэл, суутгал ногдуулж байна. Бизнес эрхлэгчдийг бүх талаас нь хязгаарласан, хөгжих боломжгүй орчин бий болсон. Сүүлийн саруудад бизнес эрхлэгчид “татварын чөдөр тушаагаа тайл” гэдэг шаардлагыг хүчтэй тавьж байгаа. Гэвч үүний хариуд орж ирж буй өөрчлөлтүүд хангалтгүй хэвээр байна.

– Төрийн оролцоо хэтэрч, хувийн хэвшилтэй өрсөлдөж байна гэсэн шүүмжлэл байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

– Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын хэмжээ өнөөдөр асар том болсон. Улсын төсөвтэйгээ нийлээд эдийн засгийн 70–80 хувийг эзэлж байна. Үндсэн зарчим нь маш энгийн байх ёстой. Хувийн хэвшил хийж чадах салбарт төр бизнес хийх ёсгүй. Гэтэл өнөөдөр төр зах, худалдааны төв, такси үйлчилгээ, аппликэйшн хүртэл хийх гэж оролдож байна. Ингэснээр хувийн хэвшлийн хөгжлийг боомилж байна. Дэлхий даяар батлагдсан нэг зарчим бий. Төр тодорхой салбарт хэт оролцвол тухайн салбарын хөгжил саардаг. 2015 онд улсын төсөв 6 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 35 их наяд болсон. Харин иргэдийн орлого, өмч хөрөнгө тэр хэмжээгээр өсөөгүй. Харин төрийн тэлэлт, үр ашиггүй зардал, тансаглал эрс нэмэгдсэн. Тиймээс татварын шинэчлэл нь зөвхөн хувь хэмжээг өөрчлөх биш, төрийн оролцоо, үр ашиггүй зардлыг бууруулах бодлоготой хамт явах ёстой.

– Ярилцлагын төгсгөлд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

– ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төслийг 100 мянга гаруй иргэн дэмжсэн. Мөн 32 гишүүн хамтран санаачилсан. Энэ бол иргэдийн бодит хүсэлт. Тиймээс УИХ-ын гишүүд нам харгалзахгүйгээр энэ асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй. Засгийн газрын татварын шинэчлэлийн төсөлтэй уялдуулж, бодит өөрчлөлт хийх боломж бий. Төсөв, эдийн засгийн нөхцөлтэй уялдуулан хэрэгжүүлэх хугацааг тодорхойлж болно. Шийдэл бий. Хийх хүсэл, зориг л хэрэгтэй. Хамгийн гол нь иргэдийн татварын дарамтыг бууруулж, далд эдийн засгийг ил болгож, бизнес эрхлэх орчныг сайжруулах бодит шинэчлэл хийх шаардлагатай байна.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө