Ерөнхий сайд асан М.Энхсайханыг хэн хорьсон бэ?

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг хэн хорьсон бэ?

Улс төрийн хүрээний дунд Ерөнхий сайд асан М.Энхсайханыг түүнд хамаарах хэргийн анхан шатны шүүх хурал хүртэл цагдан хорьсон нь нэлээдгүй шүүмж, хардлагыг төрүүлээд байна. 

-ТҮҮНИЙГ СОШИАЛД ХЭТ ИДЭВХТЭЙ БАЙНА ГЭХ
ҮНДЭСЛЭЛЭЭР ЦАГДАН ХОРЬСОН-

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ оны дөрөвдүгээр сарын 23 /2020.04.23/-ны өдөр шүүгдэгч М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг дараагийн шүүх хуралдаан хүртэл /2020.05.05/ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Учир нь түүнийг шүүх хурлын явцад “олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй байсан нь шүүхэд нөлөөлж байна” гэсэн үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргасан юм.

Харин шүүгдэгч М.Энхсайханы өмгөөлөгчийн зүгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд гаргасан. Шүүх бүрэлдэхүүн гомдлыг энэ долоо хоногийн Пүрэв гарагт /2020.04.30/ хянан хэлэлцээд М.Энхсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн, өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. 

-УЛС ТӨРИЙН ЗАХИАЛГАТАЙ БАРИВЧИЛГАА БАЙВ УУ-

Түүнийг буруутгасан үндэслэл нь 2014 оны арван хоёрдугаар сард Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайд хэмээх албан тушаалд томилогдон, Таван толгойн нүүрсний уурхай, цахилгаан станц зэрэг мега төсөл хариуцсан сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдуулсан. 

Харин АН-аас гаргасан мэдэгдэлд түүнийг цагдан хориход МАН-ын удирдлагууд, цаашлаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх нөлөөлсөн байж болзошгүй гэжээ. Тодруулбал, АН-ын мэдэгдэлд, “МАН-ын удирдлагууд УИХ-ын ээлжит сонгууль дөхөнгүүт иргэдийн анхаарлыг сарниулах, Ардчилсан намын нэр хүндийг унагах зорилгоор Ардчилсан намаас төрийн өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байсан хүмүүст зориудаар хэрэг үүсгэж, үүнийгээ УИХ, Засгийн газрын гишүүн нь ичиж зовох зүйлгүйгээр зарлах боллоо… Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсний төлөө Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг баривчилж, хорьсон нь улс төрийн зорилготой, жигшүүрт үйлдэл гэж үзэж байна” гэжээ. 

Гэтэл түүнийг цагдан хориход Ерөнхийлөгч Х.Баттулга нөлөөлсөн байж болзошгүй гэж зарим иргэд шүүмжилж байгаа юм. Энэ тухай МУГЖ Д.Сосорбарам “Парламент” ТВ-ийн “Сэдвийн гүнд” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “АН-аас мэдэгдэл хийсэн байсан. “Ардын намынхан хүмүүсийг хэлмэгдүүлж байна” гэсэн байна лээ. Үгүй, хүмүүсийг толгойн дараалан хянгардах гэж  байгаа хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга гэж би харж байгаа” гэсэн юм. 

-М.ЭНХСАЙХАН МОНГОЛ УЛСАД ХОРЛОН СҮЙТГЭХ
АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН УУ-

Ямартай ч УИХ-д үнэмлэхүй олон суудалтай МАН сонгуулийн өмнө АН-д өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий эрхмүүдэд зориудаар хэрэг үүсгэж, баривчилгаа явуулж байгаа нь сонгогчдын анхаарлыг сарниулах гэсэн оролдлого байж болзошгүй гэж зарим хэвлэлүүд онцолжээ. Харин Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. 

19.6 дугаар зүйл. Хорлон сүйтгэх 

  1. “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.