Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 154 дүгээр тогтоолоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн нас барсан тохиолдолд түүний хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх ажиллагааг 2026 оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр болжээ.
Энэ зохицуулалт нь 2011 оны гуравдугаар сарын 31-нээс хойш нас барсан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байсан иргэдэд хамаарах юм. Иргэний хуульд зааснаар хувьцаа болон түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгч өвлөх бөгөөд өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан болон хуульд заасан хугацаанд хүсэлт гаргасан этгээдийг өв хүлээн авсан гэж үзнэ.
Өвлөгчид дараах дарааллаар материалаа бүрдүүлэх юм байна. Юуны өмнө 158989 тусгай дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг кирилл том үсгээр илгээж хувьцааны мэдээллээ шалгах боломжтой. Үүний дараа нас барсны гэрчилгээ эсвэл нас барсны бүртгэлийн лавлагааг иргэний бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээнээс авч, тухайн иргэний хамгийн сүүлд оршин сууж байсан баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, хүн ам өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбарыг гаргуулна. Хэрэв Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан дарааллын өвлөгч өвлөх бол төрөл садангийн лавлагааг улсын бүртгэлийн байгууллагаас биечлэн авч бүрдүүлэх шаардлагатай аж. Мөн өвлөгч болохыг нотлох баримт бичиг, тухайлбал төрсний бүртгэл, гэрлэлтийн бүртгэл, төрөл садангийн лавлагаа зэрэг материалыг бүрдүүлэн өв нээгдсэн газрын нотариатад хандана. Нотариатч шаардлагатай материалыг шалгасны үндсэн дээр “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгож, мэдээллийг цахимаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хүргүүлэх юм. Үүний дараа өвлөгч E-Mongolia системээр үнэт цаасны данстай эсэхээ шалгаж, шаардлагатай бол брокерын компанид данс нээлгэнэ. Харин Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хувьцаа болон ногдол ашгийг өвлөгчийн үнэт цаасны дансанд бүртгэн баталгаажуулах бөгөөд хүсвэл брокерын компаниар дамжуулан өөрийн банкны данс руу шилжүүлэн авах боломжтой байна.


