Уул уурхай, ашигт малтмал, металлын зах зээлийн чиглэлээр дагнан мэдээлэл бэлтгэдэг олон улсын Mining.com сайт 2026 оны дэлхийн хамгийн том 10 зэсийн уурхайг танилцуулсан талаар Bloomberg TV Mongolia мэдээлсэн байна.
Тодруулбал, 2025 онд олборлосон нийт зэсийн хэмжээгээр эрэмбэлсэн уг жагсаалтыг Чили улс дахь Эскондида уурхай тэргүүлсэн бол Индонезын Грасберг уурхай удаалжээ. Харин Монгол Улсын "Оюутолгой" жагсаалтын топ 10-т анх удаа багтаж, аравдугаарт эрэмбэлэгдсэн байна.
Тухайлбал, гүний уурхайн үйл ажиллагаа эрчимжүүлсэн 2025 онд Оюутолгойн зэсийн нийт олборлолт 345.1 мянган тонноор хэмжигдсэн байна.
Улмаар 2028-2036 оны хооронд Оюутолгойн ил болон гүний уурхайгаас жилд дунджаар 500 мянган тонн зэс олборлоно гэж тооцвол 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох ажээ. Mining.com сайтын шилдэг 10 зэсийн уурхайн 2025 оны нийт олборлолт 4.9 сая тонноор хэмжигдэж, дэлхийн нийт олборлолтын 20 гаруй хувийг бүрдүүлсэн байна.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia