АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ долоо хоногт Бээжинд айлчилж, Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзах гэж байна. Энэ нь түүний 2017 оноос хойших анхны айлчлал бөгөөд хоёр улсын харилцаа худалдаа, технологи, Тайвань, Ираны асуудлаас шалтгаалан илүү хурцадмал болсон цаг үед болж буйгаараа онцлог болж байна.
Д.Трампын өмнөх айлчлалын үеэр Хятад улс АНУ-тай эн тэнцүү хүч гэдгээ харуулахыг эрмэлзэж, Хориотой хотод хүртэл хүндэтгэлийн оройн зоог барьж байсан. Харин энэ удаад Бээжингийн дээд удирдлагуудын ажиллаж, амьдардаг Жуннанхайд хүлээн авах зэрэг өндөр түвшний протокол яригдаж байгаа аж.
Олон улсын хямралын бүлгийн шинжээч Али Виний хэлснээр, 2017 онд Хятад улс АНУ-тай геополитикийн хувьд эн тэнцүү гэдгээ батлахыг зорьж байсан бол өнөөдөр Вашингтон өөрөө Бээжинг “хамгийн хүчтэй өрсөлдөгч”-ийн нэг гэж хүлээн зөвшөөрөх болсон байна.
Хятадын зарим иргэдийн хувьд Д.Трампын худалдааны дайн болон “Америк нэгдүгээрт” бодлого нь АНУ-ын нөлөөг сулруулж, харин Хятадын өсөлтөд боломж олгосон гэж үздэг аж. Гэсэн хэдий ч Хятадын эдийн засаг дотооддоо сорилттой хэвээр байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал, ажилгүйдэл, хэрэглээний бууралт зэрэг нь эдийн засагт дарамт болж байгаа бөгөөд АНУ-ын тарифын бодлого, Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал ч нэмэлт эрсдэл үүсгэж байна. Ийнхүү Д.Трампын энэ удаагийн Бээжингийн айлчлал нь зөвхөн хоёр удирдагчийн уулзалт бус, дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн шинэ хүчний тэнцвэрийг тодорхойлох уулзалт болж байна гэдгийг BBC агентлаг онцолжээ.
Эх сурвалж: BBC