Доналд Трампын БНХАУ-д хийх төрийн айлчлал маргааш эхэлнэ

Доналд Трампын БНХАУ-д хийх төрийн айлчлал маргааш эхэлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын БНХАУ-д хийх төрийн айлчлал маргааш /2026.05.13/ эхэлнэ. Уг айлчлалыг энэ оны гуравдугаар сард хийхээр төлөвлөж байсан ч Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцадсаны улмаас хойшлуулаад байсан юм. 

Бээжин айлчлалыг албан ёсоор баталсан бөгөөд бэлтгэл уулзалтууд тавдугаар сарын 13-нд эхэлж, Доналд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын албан ёсны дээд хэмжээний уулзалт, төрийн арга хэмжээнүүд тавдугаар сарын 14–15-нд болно.

Энэхүү айлчлал нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сүүлийн арав орчим жилийн хугацаанд Хятадад хийх анхны айлчлал болж байгаа бөгөөд АНУ-Хятадын худалдаа, технологи, геополитикийн өрсөлдөөн идэвхжсэн үед болж буйгаараа онцлог юм.

Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, Трамп болон Ши Жиньпин нар худалдааны тариф, Ираны нөхцөл байдал, Тайвань, хиймэл оюун ухаан, газрын ховор элементийн нийлүүлэлт зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компаниудын удирдлагууд багтах магадлалтай байна.

Цагаан ордны мэдээлснээр “Apple”-ийн Тим Күүк, “Tesla”, “SpaceX”-ийн Элон Маск, “BlackRock”-ийн Ларри Финк нар Trump-ыг дагалдан явах магадлалтай байгаа аж.

Мөн “Meta”-ийн Дина Пауэлл, “Boeing”-ийн Келли Ортберг, “Visa”-ийн Райн МкИнернэй, “Blackstone”-ийн Стефен Шварзмэн, “Citi”-ийн Жэйн Фрэйсер, “Goldman Sachs”-ын Дэвид Соломон, “Mastercard”-ын Майкл Миэбах зэрэг бизнесийн салбарын удирдлагууд айлчлалын багт багтжээ. Харин АНУ, Хятадын технологийн өрсөлдөөний төвд буй “Nvidia”-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан багт ороогүй нь анхаарал татаж байна.