ВИДЕО: Денвер хотын олон улсын нисэх буудалд гарсан ослын улмаас амиа алдсан иргэн "хөөрөх зурваст хууль бусаар нэвтэрсэн" байжээ

ВИДЕО: Денвер хотын олон улсын нисэх буудалд гарсан ослын улмаас амиа алдсан иргэн "хөөрөх зурваст хууль бусаар нэвтэрсэн" байжээ

АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын олон улсын нисэх буудалд гарсан аймшигт ослын үеийн хяналтын камерын бичлэг олон нийтэд ил боллоо.

ВИДЕО:

Дээрх бичлэгээс харахад “Фронтиер Эйрлайнс” компанийн онгоц хөөрөхөөр хурдалж байх үед зурвас дээр байсан нэгэн хүнийг мөргөж, амь насыг нь хохироож буй дүрс үлдсэн байна. “Кэй Ди Ви Ар” телевизийн олж авсан дулаан мэдрэгчтэй камерын бичлэгт үл таних этгээд нисэх буудлын гаднах өргөст төмөр хашааг даван орж, удалгүй онгоцны зам руу шууд алхаж буй нь харагдана.

Тухайн үед “Фронтиер Эйрлайнс”-ийн 4345 дугаартай нислэг хөөрөхөөр өндөр хурд авч байсан аж.

АНУ-ын Тээврийн сайд Шон Даффи цахим хуудсандаа “Хөөрөх зурваст хууль бусаар нэвтэрсэн этгээдийг онгоц хөөрөх үеэрээ мөргөсөн. Нисгэгч үүний дараа хөөрөх ажиллагааг шууд зогсоосон” хэмээн бичсэн байна. Ослын улмаас онгоцны хөдөлгүүрт богино хугацаанд гал гарсан ч аврах албаныхан шуурхай ажиллан унтраасан байна.

Харин ослын дараах холбооны бичлэгт аврагчид, “17L зурвасыг хаалаа. Зурвасан дээр хүний биеийн хэсгүүд байна. Онгоц нэг хүнийг мөргөсөн бололтой” хэмээн ярьжээ.

“Эй Би Си Ньюс” агентлагийн мэдээлснээр, хохирогч онгоцны нэг хөдөлгүүрт хэсэгчлэн сорогдсон байжээ. Мөн ослын үеэр онгоцонд байсан 12 хүн бэртэж, тэдний тавыг эмнэлэгт хүргэсэн байна. Денверийн олон улсын нисэх буудлын төлөөлөгчийн хэлснээр хамгаалалтын баг болон цагдаа нар нисэх буудлын эргэн тойронд тогтмол эргүүл хийдэг ч тухайн этгээд өргөст төмөр хашааг давснаас ердөө хоёр минутын дараа осолд өртсөн аж.

Одоогоор хохирогчийн хэн болохыг олон нийтэд зарлаагүй байгаа бөгөөд хэргийг АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл, Иргэний нисэхийн холбооны газар болон “Фронтиер Эйрлайнс” компанитай хамтран шалгаж эхэлжээ.