Эпштейний амиа хорлохоосоо өмнө бичсэн зурвасыг ил болгожээ

Эпштейний амиа хорлохоосоо өмнө бичсэн зурвасыг ил болгожээ

Бэлгийн мөлжлөгийн хэрэгт буруутгагдсан Америкийн санхүүч Жеффри Эпштейн шоронд амиа хорлохыг завдсаныхаа дараа бичсэн гэгдэх зурвасыг лхагва гарагт олон нийтэд ил болгосон тухай Associated Press агентлаг мэдээлжээ.

Уг зурвас таван жил орчмын хугацаанд шүүхэд битүүмжлэлтэй хадгалагдаж байжээ. "The New York Times" сонины редакцаас нууцын зэрэглэлийг цуцлах хүсэлт гаргасны дараа тойргийн шүүгч Кеннет Карасын шийдвэрээр ил болгосон байна. Дөрвөн хүний амийг бүрэлгэсэн хэргээр бүх насаараа хоригдох ял авсан цагдаа асан Николас Тартаглионегийн хэрэгт энэ зурвасыг хавсаргасан байжээ. Уг цагдаа Эпштейнтэй хамт хоригдож байсан аж. Түүний хэлснээр, 2019 оны долоодугаар сарын 23-нд Эпштейн орны даавуугаар хүзүүгээ боох гэж оролдсоны дараа тэрбээр уг зурвасыг камерт байсан нэгэн номны дотроос олсон байна.

Уг зурваст "Нэг сар мөрдөн шалгалаа, юу ч олсонгүй!!! Салах ёс хийхээ мөчөө өөрөө сонгох нь ямар таашаалтай вэ. Та нар надаас яг юу хүсээд байгаа юм.Намайг уйлж унжихыг хүсээд байгаа юм уу" бичжээ.

Эпштейн 2019 оны наймдугаар сарын 10-нд Манхэттэн дэх холбооны шоронд шүүх хурлаа хүлээж байхдаа нас барсан байдалтай олдсон юм. Шүүх эмнэлгийн шинжээч амиа хорлолт гэж дүгнэсэн байна. Хоригдлыг хянах үүрэгтэй байсан шоронгийн ажилтнууд хэд хэдэн зөрчил гаргасан болохыг мөрдөн шалгалтын явцад тогтоосон байдаг. Зурвасыг хэн бичсэн нь албан ёсоор тогтоогдоогүй байгаа бөгөөд Эпштейний үхлийн талаарх засгийн газрын тайлангуудад энэ талаар дурдагдаагүй байна. АНУ-ын Хууль зүйн яамнаас санхүүч болон түүний хамсаатан болох Гислен Максвеллийн хэрэгт холбогдох 3.5 сая хуудас баримтыг мөн нийтэлжээ. АНУ-ын тэргүүн хатагтай асан Мелания Трамп Эпштейнтэй холбоотой байснаа үгүйсгэж, Конгрессыг албан ёсны сонсгол явуулахыг уриалсан юм. Тэрбумтан Билл Гейтс санхүүчтэй холбоо тогтоож байсандаа олон нийтийн өмнө уучлалт гуйжээ. Мөн Казахстаны хуучин албан тушаалтнууд Эпштейнтэй байсан холбоотой эсэхийг шалгахыг шаардсан байна.

Эх сурвалж: Associated Press




Өнөөдөр бич өдөр

7 цагийн өмнө