Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас аяллын хөлөг онгоцонд бүртгэгдсэн хантавирусын дэгдэлт нь шинэ цар тахлын эхлэл биш гэдгийг онцлон мэдэгджээ.
Тодруулбал, ДЭМБ-ын халдварт өвчний тархвар судлаач Maria Van Kerkhove хэвлэлийн бага хурлын үеэр энэ нөхцөл байдал нь зургаан жилийн өмнөх Ковид-19-ийн дэгдэлттэй адил биш гэдгийг онцолсон байна. Түүний хэлснээр хантавирус нь “ойр дотно харилцаа, хавьтал”-аар халдварладаг учир өргөн хүрээнд тархах эрсдэл харьцангуй бага аж.
Тэгвэл эрүүл мэндийн байгууллагууд сүүлийн өдрүүдэд Голландын MV Hondius аяллын хөлгөөс буусан олон арван зорчигчийг яаралтай мөрдөн шалгаж, хяналтад авч эхэлсэн байна.
Өчигдөр ДЭМБ-аас мэдээлснээр, хантавирусын нийт найман сэжигтэй тохиолдлоос тав нь лабораториор батлагдсан байна. Одоогоор вирусийн халдвар авсан 69 настай Голланд эмэгтэй зэрэг гурван хүн нас бараад байгаа юм. Мөн талийгаач эмэгтэйн Голланд нөхөр болон нэг герман эмэгтэйн нас баралтыг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Хантавирус нь ихэвчлэн мэрэгч амьтдаас хүнд халдварладаг. Гэвч ДЭМБ-ын мэдээлснээр энэ удаагийн дэгдэлтийн үеэр хүнээс хүнд дамжсан байж болзошгүй тохиолдол анх удаа бүртгэгдсэн байна. MV Hondius хөлгийг Oceanwide Expeditions компани ажиллуулдаг бөгөөд тус тансаг зэрэглэлийн аяллын хөлөг дөрөвдүгээр сарын 1-нд Ushuaia хотоос аяллаа эхлүүлжээ. Хөлөг тавдугаар сарын 10-нд Испанийн Канарын арлуудад хүрэх төлөвтэй байна. Хөлөг дээр анх 28 улсын нийт 150 орчим зорчигч болон багийн гишүүд байсан бөгөөд дөрөвдүгээр сарын 24-нд Saint Helena арал дээр хэдэн арван хүн буусан байна.
Эх сурвалж: BBC