АНУ-аас дэвшүүлсэн дайныг зогсоох саналын нөхцөлийг Ираны тал “одоо хүртэл судалж байгаа” талаар албаны эх сурвалж мэдээлжээ. Энэ нь хоёр тал тохиролцоонд хүрэхэд ойртсон байж болзошгүй гэх мэдээллийн дараа гарсан байна.
Axios агентлагийн мэдээлснээр, АНУ-ын тал Ирантай 14 зүйл бүхий харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах хувилбарыг хэлэлцэж байгаа аж. Уг баримт бичиг нь ирээдүйн цөмийн хэлэлцээрийн үндсэн хүрээг тодорхойлж магадгүй гэж эх сурвалжууд үзэж байна.
Санамж бичигт Ираны ураны баяжуулалтыг түр зогсоох, хориг арга хэмжээг цуцлах, Ормузын хоолойгоор чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг сэргээх зэрэг заалтууд багтжээ.
Гэвч Ираны парламентын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын комиссын төлөөлөгч Эбрахим Резаей уг саналыг “хүслийн жагсаалт” хэмээн шүүмжилсэн байна. Харин Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багаей Тегеран АНУ-ын саналтай холбоотой байр сууриа зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Пакистаны талд уламжилна гэж мэдэгджээ.
Пакистаны Гадаад хэргийн сайд “энэ гал зогсоох хэлэлцээг бүрэн хэмжээний энхийн тохиролцоонд хүргэхийг зорьж байна” хэмээн онцолсон байна.
Үүний зэрэгцээ Д.Трамп “сүүлийн 24 цагийн хугацаанд Ирантай маш сайн хэлэлцээ өрнүүлсэн” бөгөөд тохиролцоонд хүрэх магадлал өндөр байгааг мэдэгджээ. Мөн Д.Трамп хэрэв Иран тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн ажиллагаа дахин эрчимжинэ гэж анхааруулсан байна. Тэрбээр өөрийн Truth Social хуудсандаа “хэрэв хэлэлцээр бүтэлгүйтвэл бөмбөгдөлт өмнөхөөсөө илүү хүчтэй, өргөн хүрээтэй болно” хэмээн бичжээ.
Мөн Д.Трамп АНУ-Израилийн хамтарсан “Уур хилэн” ажиллагаа Иран шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд бүрэн дуусгавар болно гэж мэдэгдсэн байна. Өмнө нь Марко Рубио уг ажиллагаа зорилгодоо хүрч, дууссан гэж мэдэгдэж байсан юм.
АНУ “Эрх чөлөөний төсөл”-ийг түр зогсоосноо зарласан. Энэхүү ажиллагаа нь Персийн буланд гацсан хөлөг онгоцуудыг чиглүүлэн гаргаж, дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг хэвийн болгох зорилготой байв. Харин Ираны Хувьсгалт гвард “түрэмгийллийн заналхийлэл зогсвол” Ормузын хоолойг дахин нээх боломжтой гэж мэдэгдсэн байна. Мөн Биньямин Нетаньяху Ираны асуудлаар Д.Трамптай “бүрэн уялдаа холбоотой” ажиллаж байгаагаа мэдэгдэж, Ираны ураны баяжуулах хүчин чадлыг бүрэн зогсоох нь хамтарсан гол зорилго хэвээр байгааг онцолжээ.
Эх сурвалж: BBC